Тос, усаараа ялгарах нь цаг хугацааны л асуудал!

Н.Учрал, уран хоёр хүйн холбоотой юм шиг л улангасан дайрах бүлэг бий болсоор удав. Санаатай, санамсаргүйг нь хэлж мэдэхгүй, өөрсдөө энэ тухайгаа төдийлөн ам нээдэггүй ч хэзээнээсээ “алдар”-тай хэсэг нь нэг санаачилга дор нэгдэж, эх оронч нэрийн дор дөвчигнөж эхлэхээр л аливаа юм болохоо байж байна гэдгийг эрх биш нийгэм нь өөрөө шүүн тунгаадаг, гадарладаг болсон цаг юм, уг нь. Гэлээ гээд хүн бүр үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь бидний бүтээсэн, бүтээж байгаа, бүтээхээр зорьж буй ардчилсан нийгмийн амин судас, тулгуур багана. Гэхдээ тэр бүгд нь үнэнд нийцсэн, басчхүү баримт нотолгоонд суурилсан байх учиртай. Ядаж л шинжлэх ухааны үндэслэлтэй байж гэмээнэ бодит эсэргүүцэл болно.

Гэтэл манайд яаж байна? Бүх юм эсрэгээрээ, бараг урвуу хамааралтай болж хувирав. Нийгмийн сүлжээнд нэжгээд дэмжигчтэй л бол хаа хамаагүй “тэнүүчилж”, болсон болоогүй лайв нэрийн дор амь зогоодог бүхэл бүтэн арми бий болов. Бүр сүүлдээ ургийн гажигтай төрсөн төл малыг хүртэл хайж олоод, хамаг буруутнаар цоллох нь байх ёстой үзэгдэл, хүлцэнгүйгээр хүлээн зөвшөөрөх ёстой ҮНЭН гэж тулгаж эхэллээ. Угтаа бол ургийн гажиг үнэхээр уранаас болсон эсэхийг хэдэн хүний очсоноор, лайв хийснээр тогтоочихдог юм биш. Энэ чиглэлийн эрдэмтэн, судлаачдын үүрэг оролцоотойгоор мэргэжлийн лабораторийн шинжилгээгээр тогтооно. 

Ямар тохиолдолд, яагаад ургийн гажигтай төл мал гардгийг эрх биш 100 жилийн түүхтэй, тэр хэрээрээ эрдэмтэн, мэргэжилтнүүд бэлтгэн гаргадаг, бас ажилладаг хөдөө аж ахуйн салбарын захын нэг хүн гадарлана, мөн мэднэ.  Үндсэндээ цэнхэр үст Э.Цэрэн тэргүүтэй эсэргүүцэгчдийн үг үнэн бодитой эсэх эцсийн хариулт тэндээс гарна аа л гэсэн үг. Гэхдээ Монгол Улс олон улсын шаардлагад нийцсэн ямар ч лаг лаборатори боллоо гэхэд химийн хамгийн хортой урвалыг толгойдоо шингээж, түүгээрээ олон жил “гангарч” яваа Э.Цэрэн ойлгохгүй нь мэдээж. Ойлгохыг ч хүсэхгүй байх. Намынх нь нэр Үнэн бас зөв гэсэн шошготой А.Отгонбаатар дарга ч эхнэр нь Хөдөө, аж ахуйн их сургуульд ажилладаг, ажиллаж асны хувьд хамгийн сайн мэдэх хүн.

Хоёдугаарт, ураны асуудал гэдэг ганц Н.Учрал сайдынх биш. Ажлын хэсгийн ахлагчийн хувиар төдийгөөс өдий хүртэл бүх галыг өөртөө төвлөрүүлж ирсэн нь үнэн ч Аж үйлдвэр, эрдэс баялаг, Байгаль орчин, уур амьсгал тэргүүтэй хоёр ч яамны сайд хүссэн ч, эс хүссэн ч үүнд хамаарна. Тэдгээр нь Ц.Туваан, С.Одонтуяа нар. “Улсын нийгэм, эдийн засгийн чадавхыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлж, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагааны тэргүүлэх төрийн захиргааны төв байгууллага болно” гэдгийг алсын хараандаа шигтгэсэн Эдийн засаг, хөгжлийн яамны сайд Л.Гантөмөрт ч хамаатай асуудал. Хоёр улсын харилцан айлчлалын хүрээнд Төрийн дээд хэмжээнд тохиролцож, явуулсан гэж үзвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ч хамаарч таарна. Гээд харвал уран тойрсон сэдэв Хэрэг эрхлэх газрын дарга, Ажлын хэсгийн ахлагч Н.Учрал дангаараа, толгой мэдэж хийсэн гэрээ биш юм. 

Ямар ч байсан цацраг хэмжих, агаар, ус, хөрсний бохирдлыг шинжлэх олон улсын түвшний лабораторийг орон нутагт байгуулах буюу иргэний мэдэх эрх, эргэлзээг тайлах иж бүрэн багц шийдвэрийг Засгийн газраас гаргасныг сайд Н.Учрал мэдэгдэнэ лээ. Үндсэн хуулиар олгогдсон иргэний мэдэх эрхийг хангуулах, иргэд байгаль орчиндоо хараа хяналт тавих, хариуцлагатай уул уурхайг бий болгоход орон нутгийн иргэдийн оролцоо маш өндөр байдаг. Өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсантай холбогдуулаад цөмийн эрчим хүчийг дэмжиж, хүлэмжийн хийг бууруулж, гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж байгаа томоохон алхмыг дэмжих иргэд бий юу гэвэл бий. Эсрэгээрээ мэдээлэл дутуугаас болж шүүмжилж байгаа хэсэг ч бас бий. Байгаль орчин, малын эрүүл мэндийн чиглэлээр санаа зовж, шаардлага тавьж байгаа иргэд иргэний нийгмийн байгууллагууд ч байна.

Гэхдээ энэ бүх эргэлзээг тайлахын тулд ураны мал амьтан, хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийн судалгааг өргөжүүлж, мэдээллийг олон нийтэд хүргэхийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Усны газрын дарга З.Батбаяр нарт даалгасан нь өнгөрсөн өдрүүдийн гол шийдвэрийн нэг байв. Аливаа асуудал гэдэг хариулт нь бага байх тусмаа хардлага их байдаг. Гагцхүү Иргэний хяналтын зөвлөлд эрдэмтэн, судлаачдаа оруул, лайваар зэвлэглэсэн хэсэг бүлгийг ч багтаа. Мэргэжлийнхэн нь мэргэжлийн ажлаа хийг. Лайвчид нь лайваа хийг. Ингэж байж иргэдийн мэдэх эрх хангагдана, эцсийн дүндээ тос, усаараа ялгарах нь цаг хугацааны л асуудал болж таарна. 

Улаанбадрах суманд уран олборлосноор хоёр толгойтой тугал, эрүүгүй ишиг, сохор ботго, явж чадахгүй төл гарч эхэлсэн тухай малчдын төлөөлөл гэсэн “пайз”-тай нэгжээд хэсгийн үг, үйлдэл лайвчид болтлоо төгөлдөршсөнийг эс тооцвол алдагдсан боломж гэдэг ямар их үнэ өртгөөр эргэн төлөгддөгийг, яагаад нөхөж болдоггүйг монголчууд түрүүчээсээ ойлгож эхэлсэн нь бидний хувьд маргаангүй ЗОЛ юм.