Хяналт хэрэгжүүлэх газрын мэдээллийг сонсов

Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар зарим асуудлыг хэлэлцлээ. Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын мэдээллийг сонсох, иргэн, хуулийн этгээдээс Байнгын хороонд ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэлэлцэх гэсэн хоёр асуудал тусгагдсан боловч хоёр дахь асуудлын хүрээнд Байнгын хороонд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн нийт 29 өргөдөл, гомдлыг нэг бүрчлэн хэлэлцсэн юм.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Батцэцэг иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тухай мэдээлэлдээ нийт 38 субъектээс буюу 16 төрийн захиргааны төв байгууллага, түүний харьяа агентлаг, 22 аймаг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын өргөдөл, гомдлуудыг нэгтгэж, хагас, бүтэн жилээр дүгнэж байгаагаа танилцуулсан юм. Иргэдээс ирүүлж байгаа өргөдөл, гомдлын тоо 2023 оноос тогтмол буурч, 2025 оны гуравдугаар улирлын байдлаар төрийн захиргааны байгууллагуудад 129 349, нутгийн захиргааны байгууллагуудад 101 559, нийт 230 908 өргөдөл, гомдол ирсний 211 457-г шийдвэрлэсэн байна. Үүнийг хувиар илэрхийлвэл төрийн захиргааны байгууллагуудын өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 92.2 хувьтай, нутгийн захиргааны байгууллагуудынх 90.8 хувьтай буюу харьцангуй өндөр байна. Гэвч энэ талаарх иргэдийн сэтгэл ханамжгүй байдал салбараасаа хамааран 40-84 хувьтай ихээхэн тааруу гарчээ. Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн болон эрүүл мэндийн, байгаль орчны салбар, Гаалийн ерөнхий газарт  процессын дахин инженерчлэл, чиг үүргийн шинжилгээний ажлуудыг хийсэн байна. Эдгээр хяналт шалгалтын хүрээнд 1674 өргөдөл, гомдлыг хүлээн авч, хянаснаас 31 байгууллагын үйл ажиллагаанд ерөнхий хянан шалгагчийн удирдамжтай хяналт, шалгалтын ажил хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авсан байна.

Төрийн захиргааны байгууллагад иргэн, хуулийн этгээдээс ирсэн өргөдөл, гомдолд И-баримт цахим систем, хууль, эрх зүйн болон эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа, санхүү, татвар, гааль, боловсрол, хөдөлмөрийн зах зээл, нийгмийн халамж, даатгал, бүртгэл, архивын, мөн замын салбар, төрийн албан хаагчийн ёс зүй, эрчим хүч, батлан хамгаалахын асуудлыг голчлон хөндсөн байна. Харин нутгийн захиргааны байгууллагад ирсэн өргөдөл, гомдолд орон сууц, нийтийн аж ахуйн, инженерийн байгууламж, дэд бүтэц, авто зам, гудамж, талбайн тохижилт, эрүүл мэнд, газрын харилцаа, боловсролын салбар, барилга, байгууламж, хууль, шүүх, цагдаа, нийтийн тээвэр, нийгмийн даатгал, татвар, и-баримт, улсын бүртгэлийн байгууллагын үйлчилгээтэй асуудлуудыг түлхүү хөнджээ

Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт энэ оны гуравдугаар улирлын байдлаар нийт 1776 өргөдөл, гомдол ирсний 1726-г шийдвэрлэсэн буюу шийдвэрлэлт 97.1 хувьтай байна. Эдгээрийн ихэнх нь буюу 1236 нь хүсэлт, 221 нь гомдол, 91 нь санал, 82 нь шаардлага байна. Мөн Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд энэ оны 10 дугаар сарын 31-ний байдлаар 117 415 иргэн утсаар, биеэр, веб хуудсаар, и-мэйлээр зэрэг долоон сувгаар хандсаны 91.5 хувийг шийдвэрлэжээ. Иргэд өргөдөл, гомдлоо төрийн байгууллагад биечлэн хүргүүлэх байдал давамгайлж байгааг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Батцэцэг дурдаж, ирүүлсэн нийт өргөдөл, гомдлын 44.5 буюу тэн хагас нь биечлэн ирүүлсэн өргөдөл, гомдол байгааг танилцуулсан юм.