ОХУ-ын Засгийн газрын тэргүүн болон холбогдох хүмүүст албан захидал хүргүүлжээ

Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдал дэлхийн газрын тосны зах зээлд хүчтэй нөлөөлж, шатахууны үнэ богино хугацаанд өсөж байна. Дизель түлш, АИ-92 бензиний үнэ олон улсын зах зээл дэх брент тосны үнээс илүү хэлбэлзэлтэй өсөж байгаа нь дотоодын зах зээлд үнэ өсөх эрсдэлийг нэмэгдүүлж байна. 

Энэ нь эдийн засгийн салбаруудын үйлдвэрлэлийн өртөгт шууд нөлөөлж, ялангуяа тээвэр, уул уурхай, хөдөө аж ахуй, худалдааны салбарт дарамт үзүүлэхээр байна. Мөн шатахууны үнийн огцом өсөлтөөс үүдэлтэй төсвийн болзошгүй зардал нэмэгдэх  эрсдэлтэйг Ерөнхий сайд мэдээллээ. 

Засгийн газар “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлсэн. Монгол Улсын Ерөнхий сайд ОХУ-ын Засгийн газрын тэргүүн болон холбогдох хүмүүст албан захидал хүргүүлсэн. Мөн АҮЭБ-ийн сайд  Г.Дамдинням тус улсад гэрээ хэлэлцээр хийж ажилласан. Одоо Казахстанд ажиллаж буй. Салбарын сайд шатахууны нийлүүлэлтийн тасралтгүй байдлыг хангах, үнийн өсөлтийг боломжит хэмжээнд барих зорилготой уулзалт, яриа хэлэлцээр хийж буйг Ерөнхий сайд Н.Учрал хэллээ. 

Монгол Улсын Засгийн газар шат шатны арга хэмжээг авч ажиллаж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд салбар бүр богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болголоо.