"Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" хэлэлцээрт өөрчлөлт оруулна

"Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон "Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2024 оны есдүгээр сарын 03-ны хэлэлцээрт өөрчлөлт оруулах тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах тухай протоколын төсөл байгуулагдсанаар Монгол Улс, ОХУ хоорондын хамтын ажиллагаа газрын тосны хангамжийн салбарт өргөжиж, улмаар агаарын хөлгийн түлшний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, "Чингис хаан" олон улсын нисэх буудлын шатахуун хангамжийг тасралтгүй нийлүүлэх, агаарын тээврийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжид олон улсын стандартын шаардлагад нийцсэн шатахууныг тогтвортой, хямд үнээр нийлүүлэх боломж бүрдэнэ.

Энэ талаар "Монгол Улс, ОХУ-ын засгийн газар хооронд байгуулах Агаарын хөлгийн түлш нийлүүлэх гэрээ соёрхон батлах хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн барихаар тогтлоо.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 2024 оны есдүгээр сард манай улсад айлчлахад хоёр чухал гэрээг манай хоёр улсын Засгийн газар байгуулсан. Хоёр дахь гэрээ нь нефтийн бүтээгдэхүүнээр Монгол Улсыг тасралтгүй хангах. Энэ хоёр гэрээ хоёулаа хүчин төгөлдөр мөрдөгдөж байж хоёулаа зэрэг хэрэгжинэ гэсэн нөхцөлтэй. Үүнийг УИХ-аар соёрхон батлуулсанаар ОХУ-аас Монгол Улсыг нефтийн бүтээгдэхүүнээр тогтвортой, найдвартай хангах эрх зүйн баримт бичиг анх удаа бий болно" гэдгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням онцолсон юм.