Зураг төсөвгүй 76 барилгын төсөл, арга хэмжээний санхүүжилтийг 2028 он хүртэл хойшлуулна

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-т “Байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд төсвийн төслийн хэлэлцүүлэг хийсэн талаар танилцуулга боловсруулж, Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ” гэж заасан. Энэ дагуу Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлого, Эдийн засаг, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, Төрийн байгуулалт, Хууль зүй, Хүний хөгжил, нийгмийн бодлого, Өргөдлийн байнгын хороо 10 дугаар сарын 6,7,8-ны өдрүүдэд хуралдаж, хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг явуулсан талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлснийг гишүүдэд танилцуулав.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан, Ө.Шижир, Д.Энхтуяа, П.Мөнхтулга, М.Бадамсүрэн, Ж.Ганбаатар, Д.Цогтбаатар, Х.Ганхуяг, Б.Жаргалан, Х.Булгантуяа, Л.Мөнхбаясгалан, П.Сайнзориг нар асуулт асууж, үг хэллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2027 онд шинээр хэрэгжүүлэхээр тусгасан барилга байгууламж их засварын ангиллын 282 арга хэмжээний 76 төсөл, арга хэмжээ буюу нийт 1 их наяд 814,4 тэрбум төгрөгийн төсөвтэй барилга байгууламж нь баталгаажсан зураг төсөвгүй байна гэж Үндэсний аудитын газраас дүгнэснийг дурдаад, тэрхүү зураг төсөвгүй 76 барилгын төсөл, арга хэмжээний санхүүжилтийг 2028 он хүртэл хойшлуулах саналд Сангийн сайдын байр суурийг тодруулсан.

photo_2026-10-14_17-46-27.jpg

Тэдгээр 76 төсөл, арга хэмжээ нь зураг төсөвгүй биш, харин аудитын магадлан эцэслээгүй зураг төсөвтэй төслүүд гэдгийг Сангийн сайд З.Мэндсайхан хариултдаа тодотгоод үүнийг аудитын дүгнэлтээр магадлал гарах шатандаа явж байгаа гэж ойлгох нь зүйтэй гэв.

Харин Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч З.Цэдэнжав,төрийн аудитын байгууллагаас төсвийн төсөлд аудит хийх үед нийт 282 арга хэмжээний 27,3 хувь буюу 1,8 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 76 төсөл, арга хэмжээ баталгаажсан зураг төсөвгүй, магадлалаар баталгаажих шатанд байгаа. Хуульд хүчинтэй хугацаа хэтэрсэн, зураг төсвийг шинэчлэх шаардлагатай арга хэмжээ 8,2 хувь буюу 334,5 тэрбум төгрөгийн 23 арга хэмжээ байсан. Нийт төсөл, арга хэмжээний 3,9 хувь буюу 93 тэрбум төгрөгийн 12 төсөл арга хэмжээ нь нэг маягийн зураг төсөвтэй төсөвлөгдсөн байсан хэмээх нэмэлт тайлбарыг хийлээ.