Цэвэрхэн хотын төлөө хамтдаа зүтгэж яваа ХОС

Үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл халуунд халж, хүйтэнд хөрч жилийн дөрвөн улирлын турш ажралгүй ажилладаг хүмүүс бол ТҮК-ийнхaн. Цалин хангамж нь төдийлөн сайн биш ч нэмэгдүүлэх талаар эсэргүүцэж, цуглах замаар хэнд ч туньж, тунирхаж үзээгүй тэд өөрт ногдсон талбайгаа чин сэтгэлээсээ цэвэрлэдэг. Өөдлөх айл үүднээсээ гэдэгчлэн нийслэл хэмээх их айлын цэвэр, цэмцгэр байдал тэдэнтэй  холбогдоно. Өөрөөр хэлбэл, өглөө бүр, өдөр тутамд та бидний ажил, магадгүй хаа нэгтээ хүрэх зам цэвэр цэмцгэр  байхыг тэд хариуцдаг юм. 06:00 цагийн үед Нисэхийн чиглэлийн эхний автобусанд суухын төлөө яаравчлах гэр бүлийн хос бол Д.Алтангэрэл, Б.Сувдаа нар. Хөдөөгийн буйдхан сумаас их хотод шилжиж ирсэн тэд Сүхбаатар дүүргийн ТҮК-д ажилд ороод зургаан жил болжээ. 

Б.Сувдаа тус дүүргийн V хорооны нийтийн эзэмшлийн зам, талбайг хариуцдаг бол түүний хань Д.Алтангэрэл IV хороонд хамаарна. Шүүр, хүрз, хогийн тэрэг бол тэдний ажлын гол “зэвсэг”. Энэ бүгдийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгасан тэд ажилдаа ханцуй шамлан орно. Шүүрдсэн хогоо шалмаг гэгч нь савандаа хийж, цэвэрлэх дараагийн байршил руугаа яаран алхаж байгаа Б.Сувдаа замд тааралдсан хүмүүст үе үе шаардлага тавих нь сонсогдоно.

Коронавирусийн цар  тахлаас урьдчилан сэргийлж “Маскаа зүүж өөрийгөө болон өрөөл бусдыг хамгаалаарай.  Татсан тамхиныхаа ишийг хогийн саванд  хийнэ үү. Хогоо битгий задгай талбайд хаяарай” гэж тэрбээр шаардлага тавина. Хариуд нь “Уучилаарай эгчээ” гээд зөрөх нэгэн байх ч, хэлсэн үгийг нь үл ойшоож, жишим ч үгүй цааш өнгөрөх залуучуудтай тэр бишгүй таарна. Б.Сувдаа “Ажил хүнийг голдгоос, хүн ажлыг голдоггүй гэдэг үг бий.  Хийж байгаа ажилдаа чин сэтгэлээсээ хандвал үр өгөөжөө өгдөг. ТҮК-д ажилд ороод зургаан жил тогтвор суурьшилтай ажиллаж байна. Хөдөөнөөс шилжиж ирээд зээл авч хашаа байшин хүртэл худалдаж аваад, амьдрал ахуй ч сайжирсан” гэлээ. Ийн ярилцах зуур орон сууцны хорооллын авто машины зогсоол руу дараагийн маршрут нь түүнийг хөтөллөө. Энэ үеэр татсан тамхиныхаа ишийг жолооч нар машиныхаа цонхоор хаяхтай нэг бус удаа таарав.

Талбайгаа цэвэрлэчихээд хэдэн цагийн дараа буцаж ирэхэд дахиад л хогондоо дарагдчихсан байх нь энүүхэнд. Өөрийнх нь хариуцсан газар учраас цэвэрхэн байлгах л учиртай. Өдөрт хэд хэдэн удаа эргэж ирж, цэвэрлэнэ. “Иргэд хогийн сав ашиглах нь хомс. Хогоо ил задгай шууд хаячихдаг” гэсээр хурдан шалмаг гэгч нь тамхины ишийг шүүрдэж,  хогийн сав руу хийлээ. Нэг үеэ бодвол нийслэл хотын өнцөг булан бүрд хогийн сав байрлуулсан. Харамсалтай нь,  иргэн бүр  хэрэглээ болгож чадаагүй байна. Хаа яваа газраа хогоо хээв нэг хаяж,  хэнэг ч үгүй явдаг. ТҮК-ийнхан шаардлага тавиад төдийлөн ойшоодоггүй нь нууц биш. Энэ талаар Б.Сувдаа “Хэдэн жилийн өмнө хүүхдээ дагуулж яваа хүн “Миний хүү нааш ир. Наана чинь муухай хүн явж байна гэдэг байсан. Харин одоо тэдний, ялангуяа залуучуудын ухамсар хандлага өөр болсон юм болов уу гэж боддог. Тэргээ түрээд явж байхад “Эгчээ хогоо хийчих үү” гэж асууна. Манай ажлын онцлог өдөржин гадуур алхдаг. Орой харих гээд автобусанд суухад “Та суу” гээд сандал тавьж өгдөг нь сайхан санагддаг” гэлээ.

Б.Сувдаа ийн ярих зуур түүний нөхөр Д.Алтангэрэл биднийг зорин ирэв. Тэрбээр “Өөрийн үүрэгт ажлаа дуусгачихлаа” хэмээн тэргээ түрсээр, инээмсэглэн ирэх нь цаанаа л дотно харагдав. Тэдний нэг нь ажлаа түрүүлж дуусгавал нөгөөдөө тусалдаг аж. “Өвөл цас ороод зам талбайд мөс тогтсон үед ихэвчлэн эхнэртээ тусалдаг” гэж Д.Алтангэрэл хэллээ.Үргэлжлүүлэн “Анх ТҮК-д ажилд орохдоо даргадаа “Би хийж чадна” гэж хэлээд орж байсан. Хэлсэн үгэндээ эзэн байж, хариуцлагатай ажиллахыг эрхэмлэдэг. Өвлийн улиралд гадаа ажиллахад хүндрэлтэй санагддаг. Учир нь,  цас орж, зам талбай мөсөтнө. Халтиргаа гулгаа ч ихэсдэг. Энэ үед бид нэг нэгэндээ тусалдаг. Түүнээс бусад улиралд бол ямар нэгэн асуудал саад бэрхшээл тулгардаггүй. Зарим иргэн нийтийн эзэмшлийн талбайд хогоо гаргаад хаяна. Хоёр алхаад хаячих газар залхуурна. Шаардлага тавихаар хүлээж авдаггүй” гэв.

Хөглөрч тарсан хогийг хамж шүүрдсээр цементэн талбай цэвэрхэн болоход тэдний сэтгэл сая л тэнийв.“Хардаа түрүүн ямар их хогтой байлаа. Одоо гоё болчихсон байгаа биз.  Хот цэвэрхэн байхад иргэн бүрийн оролцоо чухал шүү дээ” гэж өөр хоорондоо ярилцана. Хэсэг амарсныхаа дараа  тэд савныхаа талаар шахуу хогийг дахин шүүрдлээ.  Өдөрт түрж яваа хогийн саваа 8-10 удаа дүүргэж, зохих цэгт нь асгадаг гэнэ. Ингэж борви бохис хийлгүй ажилладаг ТҮК-ийнхныг өндөр цалинтай гэдэг. Гэвч бодит байдал дээр тийм биш гэдгийг тэдний хэлж буй үгээс мэдэж болохоор.

“Даатгалаа хасуулаад гар дээрээ 630  мянган төгрөгийн цалин авдаг. Зээлээ төлнө. Бага цалин авдаг гэж боддоггүй. Улсынхаа хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж байна гэж бодохоор сэтгэл сэргээд сайхан болчихдог. Манай дарга, ажлынхан атгасан гар шиг байж бие биедээ үргэлж тусалж дэмждэг. Халуун дулаан, уур амьсгалтай хамт олон дунд ажиллаж байна” гэдгийг Б.Сувдаа хэлж байсан юм.

Хүн хийсэн ажил, хэлэх үгтэй байна гэдэг сайхан. Нийслэлээ цэвэр цэмцгэр байлгахын төлөө цаг наргүй ажилладаг тэд Гэрлэх ёслолын ордонд хуримаа хийж байсныг уншигчид гадарлаж байгаа болов уу. Магадгүй энэ нь тэдний амьдралд тохиосон хамгийн аз жаргалтай мөчийн нэг байх.“Бид хог цэвэрлэх дадал суучихсан хүмүүс. Харьж явахад автобусанд хог харагдахад нэг л мэдэхэд түүчихдэг. Сурсан зүйлийг сураар боож болохгүй гэдэг энэ байх” хэмээн инээмсэглэсээр Д.Алтангэрэл, Б.Сувдаа нар ажлаа хийсээр үлдлээ.

Өдөржин  ажиллаад ядрах үе тэдэнд бишгүйдээ гарна. Гэртээ харихад “Эмээ өвөө” гээд инээмсэглэн угтах энгэрт гялалзах сувд мэт зээ охиноосоо эрч хүч, эерэг энергийг мэдэрч ядаргаагаа тайлдаг  нь тэдний хэнтэй ч хуваалцахгүй жаргал ажээ.