Х.Баттулгын хэтийн улс төр буюу ОФФШОР

Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болохтой уралдан өдөр бүр шахуу Төрийн ордонд шагналын хур буулгаж, Төв талбайд түүнийгээ “үнэлүүлэх” болсон Ерөнхийлөгч Х.Баттулга сэтгүүлч Л.Мөнхбаясгалантай ярилцлагад орлоо. Иж бүрэн гэхээсээ өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд өөрийн хийж хэрэгжүүлсэн гэх шошготой ажлуудаа нэгбүрчлэн тайлбарлав. Сайд байхдаа өрөөндөө байрлуулсан Монгол орны байгалийн баялгийг мэдээлэл бүхий газрын зургийг ашиглаж мэдээлэл өгч асан имиж нь яг хэвээрээ, хуучин төрхөөрөө. Нэмэгдсэн юм гэвэл нэр бүхий ганцхан улстөрчөөс болж Засгийн газар огцорсон тухай чуулганы хуралдааны индрээс мэдэгдсэнээ тодотгосноос бусдаар Төрийн тэргүүний ажлын тайлангийн агуулгатай ярилцлага аядуу зөөлөн төвшинд өрнөсөн нь энэ. Сайд байх үед нь ярьдаг байсан геополитик тэр дундаа төмөр зам тойрсон айлгах тактикт дөрөөлсөн байр суурь нь ч зөөлөрч, Төрийн тэргүүний хувиар тэр харьцангуй төлөвшжээ.

Гагцхүү бүтэн 60 минут үргэлжилсэн ярилцлагаас анхаарал татах зарим асуудал байсны нэг нь оффшор бүсээс хэрхэн мөнгө оруулж ирэх тухай байв. Тэрбээр “Оффшор мөнгө орж ирэхийн тулд тусгай данс байх ёстой. Тухайн мөнгийг Монголбанктай зөвшилцөн шийдвэр гарсны дараа зарцуулах хэрэгтэй. Одоогийн илрүүлснээр дөрвөн их наяд төгрөг оффшорт байна” гэсэн юм. 2017 онд “Монгол ялна” уриатайгаар сонгуульд өрсөлдөж, Ерөнхийлөгчөөр сонгогдох хүртлээ Х.Баттулгын тугаа болгосон амлалтын нэг нь оффшор. Оффшор бүсээс 17 тэрбум ам.доллар оруулж ирэх амлалт өгч, Ард түмний онц зөвлөл буюу АТОЗ-ийн тэргүүн С.Батчулуунтай гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулж, асан нь ч дөрвөн жилийн өмнөх үйл явдал.

Гэвч хууль, шүүхийн байгууллага болон УИХ, Засгийн газар тойрсон томилгоо, түүнээс улбаалсан зөрчилд голчлон оролцож ирсэн Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд оффшор бүсээс мөнгө оруулж ирэх эсэх нь хоёрдугаар асуудал байв. 17 тэрбум ам.долларын асуудал сөхөгдөж эхлэхэд Авлигатай тэмцэх газрын даргаар ажиллаж байсан Х.Энхжаргал “17 тэрбум ам.долларын асуудлыг батлах боломжгүй. Оффшор бүс нь татвар маш бага, төрийн хүнд сурталгүй, нууцлал өндөр. Тиймээс мэдээлэл авах боломжгүй. Панама энэ мэдээллийг задалсан учраас нэр бүхий иргэдийн нэр ил гарсан байдаг. 2008 оны Ил тодын хуулиар 2,1 их наяд төгрөгийн хөрөнгө ил гарч татвараас чөлөөлөгдсөн. 2016 оны Ил тодын хуулиар 33,3 их наяд төгрөгийн хөрөнгө ил гарч, 7,4 их наяд төгрөгийн татвар чөлөөлөгдсөн. Ингэхээр гадаадад гэхээсээ дотоодод маш их асуудал байна гэх үндэслэлтэй” гэсэн тайлбарыг чуулганы хуралдааны индрээс мэдэгдэж байлаа.

АТОЗ: Оффшор дахь 17 тэрбум ам.долларыг эргүүлэн авчрах талаар Монголын төр  ажиллахгүй байна | iSee.mnХарин бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болохтой зэрэгцэн оффшор бүсээс мөнгө оруулж ирэх асуудлыг дахин өлгөж авсан Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс дөрвөн их наяд төгрөгийг илрүүлээд буйгаа сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн ярилцлагын үеэр дурдсан нь дахин анхаарлын төвд оруулах шалтгаан болж байна. Ерөнхийлөгчийн албан тушаал гэдэг бол хүссэн болгон нь очиж суучихаад, амандаа орсон болгоныг ярьдаг сэнтий биш. Төрийн тэргүүн гэдгээрээ нэгдүгээрт эрэмбэтэй статус. Шүүгч, прокурор, УИХ, Засгийн газартай шууд харьцдаг, заримд нь чиглэл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг даргалдгаараа хамгийн найдвартай эх сурвалж.

Тэгэхээр оффшор бүсээс дөрвөн их наядыг илрүүлсэн гэх Ерөнхийлөгчийн яриа үндэслэлтэй байх магадлал нь өндөр. Ингэхийн тулд Тусгай сан байгуулж, Монголбанктай зөвшилцөн шийдвэр гарсны дараа зарцуулахыг ч өөрөө нэмж тодотгосон нь оргүй яриа биш болов уу? Бүрэн эрхээсээ буухаас урьтаж Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд гавьяат эдийн засагч цол хүртээсэн нь зүгээр ч нэг цаг хугацааны давхцал биш юм. Харин Төрийн тамгаа хүлээлгэж өгсөн ч оффшорыг оруулж ирэх асуудлыг орхихгүй, шахаж шаардаж ажиллах хүний нэг энгэрт нь гавьяатын тэмдэг зүүсэн Б.Лхагвасүрэн байж мэдэх юм.

Хэрэвзээ оффшороос төсвийн тал хувьтай тэнцэх мөнгийг илрүүлсэн, түүнийг оруулж ирэх нь үнэн л юм бол гавьяа нь гарцаагүй Ерөнхийлөгч Х.Баттулгад наалдана. Холын зорилго, хэтийн улс төрөө бодсон ч оффшорын сэдэв түүнд тулах цэг болохыг Х.Баттулга шиг улстөрч сайн мэднэ. Х.Баттулга бүрэн эрхээсээ буусан ч улстөрчийн замналаа үргэлжлүүлж таарна. Тэгэхийн тулд ярих сэдэв хэрэгтэй. Тэдгээрийн нэг нь мэдээж оффшор, түүнийгээ Монголбанктай зөвшилцөн шийдвэр гарсны дараа зарцуулах хэрэгтэйг тэрбээр ам нь халсандаа хэлээгүй нь лав. 

Г.Эрхэс