Тэдэнд хүн байх эрхийг нь үлдээе

Саравчтай малгай хааш яаш духлуулж, өнгө алдсан бор цамц, энд тэндээ хар толбо тогтсон саарал өмд, ул нь элэгдсэн хар ботинк өмссөн хижээл насны эр шуудай дүүрэн ундааны сав үүрчихээд зам хөндлөн гарахаар гэрлэн дохио хүлээж зогсоно. 45 эргэм настай болов уу. Маскны цаанаас өтгөн хар хөмсөг, хүрэн бор царай нь л тодорно. Хоёул ногоон гэрлийг хүлээн зогсож байгаа нь энэ. Хэсэг хугацааны дараа ногоон гэрэл асаж, ах бид хоёр зам хөндлөн алхахад цаанаас хурд хэтрүүлсэн машин ирж, гарц хэтрүүлэн зогсч тормозлов.

“Ахаа машин ирж байна. Хурдан гүйгээрэй” гэхэд нүдээ томруулж нэг харав. Шуудайтай саваа дааж ядан алхахад булангаас нь өргөлцөхөд сөөнгөтсөн хоолойгоор “Баярлалаа” гэв. Сандарч гарсан хоёр бие биенээ харж инээмсэглээд “Ахаа та зам хөндлөн гарахдаа болгоомжтой яваарай. Баяртай” гэж хэлэхэд “Баярлалаа. Хог түүдэг биднээс хүмүүс цэрвэж, цээрлэдэг л юм. Гэхдээ ах нь өвчтэй эхнэр, хүүхдээ тэжээх гэж шил, лааз түүж явна. Тээр жилийн зуднаар хамаг малаа алдаад амьдрахын тулд хотыг бараадсан. Хөдөөнөөс ирээд сургууль соёл төгсөөгүй намайг ажилд авдаггүй юм билээ. Эхэн үедээ ажил хайж, хөлийнхөө улыг эргэтэл хотоор явсан ч даанч олдоогүй” хэмээгээд явж одов.

Хог л түүдэг бол арчаагүй, анхиагүй хүмүүс гэж бодож, дүгнэдэг нийгэмд бид амьдарсаар... Гэтэл алаг үр, хэвтрийн дэглэмтэй ханиа тэжээх гэж үүрийн таван жингээр эртлэн босч хотын төвийн орон сууцны гадаах функерийг ухаснаар түүний ажлын нэг өдөр эхэлдэг гэнэ. Шуудайгаа дүүргэж аваад түүхий эд авах цэгийг зорьж, хэдэн төгрөгөөр борлуулчихаад хоосон шуудайгаа үүрээд дахиад л байрны булан тохойд байх ундааны сав, шил, лаазыг нэгбүрчлэн шүүнэ, түүнэ. Ингэж явсаар бор хоногтоо эхнэртээ эм тариа, гэртээ хоолны материалтай харьдаг байна.

Өдөр бүр бид шуудай үүрсэн нэгэнтэй хаа нэгтэй зөрнө. Хог ухаж байгаа хүнээс ямар үнэр үнэртэх нь ойлгомжтой ч амьдрахын тулд ажлыг гололгүй хийж байгаа нь олон. Тиймээс хажуугаар нь зөрөхдөө хамраа дарж, хашгачиж загнаж, харцаараа “зодох”-оо больцгооё. Адаглаад хүн байх эрхийг нь үлдээе. Алдаж, онож, амьдралын хатуу нугачаанд нухлагдаж, хувь тавилангийн эргүүлэгт орчихоод эргээд гарч чадалгүй, тэндээ үлдсэн тэд бидний адил хүн. Хүний орчлонгийн хар барааныг борогхон амьдралын дунд туучиж, элээж байгаа ч бусад шигээ амьсгалах, идэх, унтаж, амрах ч эрхтэй биш гэж үү?

Хар буруу санаагүй ч хиртэй хувцас, хамар цоргим үнэрнээсээ ичиж, санаа зовсондоо гэм хийчихсэн хүүхэд шиг зайгаа барьдаг, нийгмээс өөрсдийгөө тусгаарласан тэдэнд хааяа нэг урмын үг хэлж байгаарай! Хүн гэдэг өөрөө урмаар тэтгэгддэг сэтгэлийн амьтан. Магадгүй өмссөн хувцас, үүрсэн шуудайнаас нь цэрвэж, хахирлахгүйгээр хэлсэн үг, хийсэн үйлдэл Тань тухайн хүний амьдралыг бүхэлд нь өөрчлөх ч юм бил үү?

С.Ичинхорлоо