Шинэ цагийн “Хөдөөгийн Баясгалан”

Сүрлэг сайхан Завхан аймгийн Баянтэс суманд төлийн дуу цангинасан малчин Ундрахын удмыг залгуулахаар төрсөн хүү бол Мөнх-Ундрах.  Хөдөө нутаг, монгол ахуй, мал маллах ухаантай ойр өсч, хурдан морь унаж, наадамд айрагдаж, түрүүлж явжээ.

Багаасаа орны урдуур татсан хөшгийг нээж, өөрийгөө зарлан гарч ирж дуулдаг авьяаслаг хүүхэд байжээ. Сургуулийнхаа урлагийн үзлэгт оролцохоос гадна Баянтэс сумаа төлөөлж аймагт зохион байгуулдаг “Яргуй” наадамд жил бүр амжилттай оролцдог байсан нь урлагт  улам бүр татагдах үндэс болсон байна. Тэрбээр “Завхан гол” хэмээх алдарт дууг зохиосон Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Жамъяан гуайн удамын үргэлжлэл.

1 хүн болон зогсож байгаа гэх мэтийн зураг байж болно

Дуучин болохоор түлээ хийж, зардлаа олжээ

Хүүхэд насныхаа хүсэл мөрөөдлийг биелүүлэхээр мод бэлтгэж олсон орлогоороо зардал хийж, замын унаанд дайгдан их хотын зүг яаравчлах хүү СУИС-д конкурс өгч дуучин болохоор ийн хүлгийн жолоо залжээ. Хүүгээ цэргийн сургуульд суралцуулах аавынхаа саналыг үл хайхран ээжтэйгээ нууц төлөвлөгөө боловсруулж, өөрийн ирээдүйн зүг итгэл төгс алхсан У.Мөнх-Ундрахыг Драгон дээр багын найз нь тосож авчээ. Түлээ хийж олсон 60 мянгынхаа 56-гаар нь зардал хийж, хоолонд 2500 зарцуулснаар 1500 төгрөгтэй 18 настай залуу амьдралаа урлагтай холбохоор зориг шулуудсан хэрэг.

Аавынхаа үгээс зөрж, халаас хоосон гарсан хүүгийнхээ араас хэд хоногийн дараа ээж нь ирэв. Эхийн сэтгэл үрд юм болохоор 14 хоног Баасанбат багш дээр бэлтгэл хийж, шалгалт өгтөл нь хүлээжээ. Гавьяат Ч.Насантогтох, Ганхуяг болон сургуулийн комиссын өмнө ур чадвар, жүжиглэх уран чадварын шалгалт өгснөөр тэнцлээ. Монголын урлаг, соёлын ноён оргилуудыг төрүүлсэн босго өндөр СУИС хэмээх их айлын эстрад дуулаачийн ангид ийнхүү бүл нэмэв.

No description available.

Ардын жүжигчин С.Батсүхийнд амьдарч, дуу төрүүлсэн түүх

Оюутны амьдралын он цаг урсаж, хичээлдээ шамдан суралцахын зэрэгцээ ажил хийж амьжиргаа залгуулах асуудал тулгарна. У.Мөнх-Ундрах амралтын өдрөөрөө Баянбүрдэд байрлах авто угаалгын газар ажиллана. Хагас эсвэл бүтэн сайнд ардын жүжигчин С.Батсүх машинаа угаалахаар орж ирдэг байжээ. Нутгийнхаа сор болсон дуучинтай мэнд мэдэж, Завханых гэдгээ хэлээд амжив. Уул ус нэгтэй урлагийн сургуульд дуучин мэргэжлээр суралцаж байгааг сонсоод “Манай студи дээр ирээрэй” гэхэд нь хэд хоногийн дараа гүйгээд очив.

“Хүүхдээрээ хөөрхөн ааштай” гээд У.Мөнх-Ундрахад хүмүүс ам сайтай. “Алив нааш ир, манайд амьдар” гэж хэлснээр оюутны хоёр жилийг С.Батсүхийнд өнгөрүүлжээ. Ардын жүжигчний ивээлд багтаснаа амны хишиг гэж бодож явдаг байна. Энэ хооронд

Тайван намрын өнгө нь халиун

Тансаг олны итгэл халуун

Суугуул нутгийн уудам хөндийд

Суурь сүргийн бараа дүүрэн хэмээн эвлэгхэн дуулсан нь хүмүүсийн сэтгэлд хэдийнэ хүрсэн.

Олны хүртээл болгосон Б.Баяр агсантай адилхан хоолойтой хэмээн урлагийнхан дүгнэж байв. Түүнд энэхүү дууг дуулах саналыг С.Батсүх анх тавьжээ. “Хоолойнд чинь тохирно. Дуул” гэсэн зөвлөгөөг өгсний дагуу Баасанбат багштайгаа ярилцсанаар дуулав.  Найруулга нь бэлэн болж, студид очиж дуулаарай гэсний дагуу 3000 удаа дуулсны эцэст дуу дахин төржээ. Шавьдаа багш нь ташуур болж “Энэ эрчээ алдахгүй уран бүтээл туурвина шүү. Саарч, сарниж болохгүй” гэж магтаал, шүүмжлэлийг зэрэгцүүлж хэлсэн гэдэг.

У.Мөнх-Ундрах оюутан байхын хөдөө орон нутагт уригдаж дуулдаг овсгоотой, орлоготой нэгэн байжээ. “Хөдөөгийн баясгалан” киноны дуу хэдийнэ нэрийн хуудас болсон учраас.  Хүмүүс ч эртний сайхан дуу хэмээн элгэмсүү хүлээж авна.

Тэрбээр өдгөө урын сандаа 40 гаруй уран бүтээлтэй. Ээждээ зориулж дуулсан дуу ч олон. Их сургуулиа амжилттай төгсөөд сумандаа очиж тайлан тоглолт хийхэд нутгийн иргэд нь хүндлэл дүүрэн хүлээж авлаа. Нутгийнхаа уул, усандаа үргэлж залбирч явдаг залуу дуучин цагаан сүүнийхээ цацлыг өглөө бүр өргөдөг байна. Өөрийнх нь үгийг тоолгүй, хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр хүлгийн жолоо залсан хүүгээ өнөөдөр аав нь урлагийн Янжинлхам бурханд даатгаж, амжилтын зам руу алхам алхмаар ойртож явааг хараад бахархаж суудаг биз ээ. 

С.Ичинхорлоо