Б.Бат-Эрдэнэ даргын ээлжит бүдрэлт

Шатахуун импортлогчдын оруулж ирж байгаа бүтээгдэхүүнээс дээж авч шинжлүүлэхэд 76 хувь нь чанарын шаардлага хангаагүйг ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт мэдээлж, 234 сая төгрөгийн торгууль ногдуулснаа мэдэгдсэн нь анхаарал татах сэдэв байв. Гэвч уг шалгалтын үеэр ШӨХТГ, Мэргэжлийн хяналтын байгууллагын хамтарсан ажлын хэсэг шатахууны чанарыг шинжлэхдээ алдаа гаргасан гэдгийг АМГТГ-ын Газрын тосны салбарын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр мэдээллийнхээ үеэр онцолжээ. Б.Бат-Эрдэнийн даргын мэдэгдсэнээр Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, иргэдээс ирсэн гомдлын дагуу ШӨХТГ, МХЕГ, НМХГ, ГЕГ, АМГТГ зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн байдаг.

Гэвч ажлын хэсэгт АМГТГ-аас зөвхөн хяналт тавьж ажилласан бололтой. Ц.Эрдэнэбаяр даргын тодотгосноор “Өнөөдрийн байдлаар зөрчил гаргасан ААН-ийн үйл ажиллагааг цуцлах бичиг албан ёсоор ирээгүйг хэлье. ШӨХТГ-ын шалгалт хийсэн Ажлын хэсэг нь АМГТГ-ын төв лаборатори болон Иргэний нисэхийн ерөнхий газрын лабораториос дээж авч, хяналт тавьж ажилласан. АИ92 автобензиний 30 дээж, дизель түлшний 42 дээж, А98 хоёр дээжийг авч шинжилсэн. Монгол Улс автобензин, дизель түлшний NC216 гэдэг стандартыг мөрддөг. Манай улсын импортоор авч байгаа бензиний 85 хувь нь К2 буюу евро хоёр стандартынх. Энэ нь евро тав стандартын бүтээгдэхүүн юм.

Лабораторид дээж авах нь дүрэм, технологитой. Манай төв лабораторид хийсэн шинжилгээнээс механик хольц илрээгүй, октан тоо хэмжээ стандартдаа байсан. Нэг дээжинд 20 буюу түүнээс хэмжээгээр шинжилгээ хийхэд өөрийн хүлцэх алдаа 0.5 хувь гэж тооцдог олон улсын аргачлалтай. Мөн хоёр өөр лабораторид, өөр тоног төхөөрөмжөөр шинжилгээ хийхэд хүлцэх алдаа нь 1.6 хувь гэж тооцсон байдаг. МХЕГ, ШӨХТГ нэг дээжийг хоёр өөр лабораторид, өөр багажаар хийхдээ хүлцэх алдааг тооцоогүй. Хоёр дээжийг хооронд нь харьцуулах тооцоог хийгээгүй. Стандарт тооцдог дүгнэлтэд ШӨХТГ, МХЕГ алдаа гаргасан. Бүхэл бүтэн Ашигт малтмал газрын тосны газар нь хяналт тавьж, нефть бүтээгдэхүүний чанарт анхаарч, төв лаборторидоо байнга шинжилж байна. Бидний мөрдөж байгаа стандартад чанар дээшлүүлэх, түлшинд ямар нэг зүйл хийхийг хориглосон байдаг” гэсэн юм.

Эндээс харахад чанаргүй шатахуун нийлүүлдгээс үүдэж, удаа дараагийн зөрчил гаргасан гэх компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг УУХҮЯ, Ашигт малтмал, газрын тосны газарт албан ёсоор хүргүүлэхээ мэдэгдсэн Б.Бат-Эрдэнэ даргын мэдэгдэл салбар хариуцсан агентлагийнхаа босго давахгүй бүдэрч байгаа бололтой.

Г.Эрхэс