Японоос 883 сая иен буюу найман сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэ

Япон улс коронавирусний цар тахалтай тэмцэх Монгол Улсын үйлсэд хувь нэмрээ оруулах үүднээс 883 сая иен буюу найман сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх хэлэлцээр байгуулжээ.

Энэхүү хэлэлцээрийн дагуу Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлаг /JICA/ Монгол Улсыг вакцин тээвэрлэх хөргүүртэй тээврийн хэрэгслүүд гэх мэт хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжөөр нэн даруй хангах аж.

“Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэтэй долоодугаар сарын 22-нд уулзах үеэрээ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Японоос цар тахлыг даван туулахад зориулан үзүүлж буй тусламжид талархал илэрхийлсэн” талаар Японы Гадаад хэргийн яам мэдээлжээ.

“JICA” болон Монгол Улсын Засгийн газрын хооронд Улаанбаатар хотноо долоодугаар сарын 19-нд байгуулсан баримт бичигт тусгасан Монголд үзүүлэх шинэ тусламж нь Японы Засгийн газраас хэрэгжүүлж буй улс орон бүрд вакцинжуулалтын аяныг өрнүүлэхэд дэмжлэг үзүүлэх төслийн хэсэг аж.