ЕТГ-ын Захиргаа, санхүүгийн газрын даргаар Б.Батцэцэгийг томилжээ

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргын захирамжаар Батжаргалын Батцэцэгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын Захиргаа, санхүүгийн газрын даргаар томилжээ.

Батжаргалын Батцэцэг нь 2000-2004 онд Монгол Улсын Боловсролын их сургуулийг Философич, Улс төр судлаач, мэргэжлээр, 2018-2021 онд Их засаг олон улсын их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр, 2005-2007 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Англи хэлний орчуулагч мэргэжлээр тус тус суралцаж төгссөн. Мөн 2019-2021 онд Удирдлагын академид Төрийн захиргааны менежментийн Магистрын зэрэг хамгаалж, 2007-2008 онд Дани Улсад Кэмбрижийн институтэд Хүний нөөцийн менежмент, Удирдахуйн ухааны чиглэлээр суралцан төгссөн.

Монголын Хүний нөөцийн академид Бизнесийн удирдлагын магистрын түргэвчилсэн курс, Хүний нөөцийн менежментийн хөтөлбөр, Тайланд Улсын Нарисуан их сургуульд Удирдахуйн ухаан, Хүний нөөцийн менежментийн мэргэжил дээшлүүлэх курс, SGS Академийн Дотоодын аудиторын курс, Talk Talk English сургалтын төвд Бизнесийн англи хэлний сургалтад тус тус хамрагдаж, мэргэжил дээшлүүлсэн.

• 2008-2020 онд “Моннис Групп”-ийн Хүний нөөц хариуцсан Захирал,

• 2015-2021 онд “Аэро Монголиа” ХХК-ийн Удирдах зөвлөлийн гишүүн,

• 2019 оноос Нийгмийн ардчилал, Монголын Залуучуудын холбооны Дэд Ерөнхийлөгч, Гишүүнчлэлийн хорооны дарга,

• 2017 оноос “Гэгээлэг маргаашийн төлөө” ТББ-ын Гүйцэтгэх захирал,

• 2018-2019 онд “YES MPP” Монгол Ардын намын Энтрепренер залуучуудын холбооны тэргүүн,

• 2021 оноос “Майнс Ап” компанийн Захирлаар тус тус ажиллаж байсан.