Оpendata.gov.mn-д сайжруулалт хийж, системийн 3.0 хувилбарыг ашиглалтад орууллаа

Засгийн газрын 2026 оны долоодугаар сард гаргасан шийдвэрийн дагуу opendata.gov.mn-д сайжруулалт хийж, мэдээллийг бодит цагийн горимоор харах нөхцөл бүрдүүлэх, Засгийн газрын “Их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт, нэгдсэн мэдээлэл хяналтын систем” (dashboard.gov.mn)-тэй холбохыг үүрэг болгосны дагуу системийн 3.0 хувилбарыг энэ сарын 9-нд ашиглалтад оруулжээ.

Шинэчилсэн хувилбар нь:

• Хэрэглэгч – иргэн, судлаач, аж ахуйн нэгж өгөгдлийг өөрийн тохируулсан бүтцээр татаж авах, хүснэгтээр урьдчилан үзэх, хайх, эрэмбэлэх, шинэ өгөгдөл нийтлүүлэх болон шинэчлэх хүсэлт гаргах, алдааг цахимаар мэдэгдэх боломжтой болсон;

• Чанар ба хяналт – өгөгдлийн өмнөх болон сүүлийн хувилбарын өөрчлөлтийг харьцуулах, бүрэн байдал, давхардал, тайлбар, мэдээллийн бүрдлээр чанарыг автоматаар үнэлж, нийтэлсэн өгөгдлийн тоо, чанар, шинэчлэлтийн хугацаа, хоцрогдлыг нэгдсэн хяналтын самбарт харуулдаг болсон. Ингэснээр дутуу, шинэчлэгдээгүй өгөгдлийг илрүүлж, мэдээлэл хариуцагч байгууллагуудын нийтэлсэн өгөгдөлд иргэд шууд хяналт тавих боломж бүрджээ;

• Автоматжуулалт – Засгийн газрын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд мэдээллийн систем, түүний өгөгдлийн сангаас нээлттэй өгөгдлийг тогтоосон хуваарийн дагуу автоматаар шинэчлэх, тайланг шууд татах техникийн боломж бүрдэж, албан хаагчдын давтан хийдэг гар ажиллагааг хялбарчилсан гэжээ.

Цаашид 3.0 хувилбарыг бүх мэдээлэл хариуцагч байгууллагад хэрэглээнд нэвтрүүлж, хариуцсан албан хаагчдыг сургах, өгөгдөл нийлүүлэлтийг автоматжуулж, шинэчлэлтийг тогтмолжуулах замаар системийн ашиглалт, үр өгөөжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.