Б.Баасандорж: Бие даасан зөвлөл байгуулахыг 64.7 хувь нь дэмжсэн

Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш, хууль зүйн ухааны доктор Б.Баасандорж хуулийн төслийн үр нөлөөний судалгааны талаар танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Хуулийн хэрэгжилтийг үнэлж байх явцад маргаан шийдвэрлэх явц хамгийн тулгамдсан асуудал байгаа нь харагдсан. 2025 оны байдлаар Сангийн яамны веб хуудас дахь гомдол хянан шийдвэрлэлтийн мэдээг үзэхэд зөвхөн 7-11 дүгээр саруудад шийдвэрлэсэн гомдлын тоо 1188 байна. Иймд гомдол шийдвэрлэх тогтолцоог Сангийн яам болон Монополийн эсрэг газраас салгаж, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дэргэд шинээр байгуулах, тендер шалгаруулалтын “маргаан хянан шийдвэрлэх зөвлөлд” төвлөрүүлэх зохицуулалтыг тусган, олон улсын жишигт нийцүүлэх нь зүйтэй гэдгийг тэрбээр онцлов. Энэ нь бие даасан хараат бус, мэргэжлийн, тогтвортой үйл ажиллагаа явуулах агуулгатай гэлээ.

Мөн төсөлд тендер шалгаруулалтын явцад үүссэн гомдлыг эцэслэн хянах чиг үүрэгтэй зөвлөл нь дарга, найман гишүүнтэй, гэмт хэрэг, гэм буруутай нь тогтоогдож байгаагүй, дээд боловсрол эзэмшсэн, сүүлийн таван жил улс төрийн намын удирдах албан тушаал хашиж байгаагүй, эсхүл улс төрийн албан тушаал хашаагүй байх, худалдан авах ажиллагааны чиглэлээр гурваас дээш жил ажилласан туршлагатай байх шалгуурыг тусгажээ. Түүнчлэн төслийн үр нөлөөг үнэлэх судалгааны тайланд бие даасан зөвлөл байгуулахыг судалгаанд оролцогчдын дийлэнх олонх буюу 64.7 хувь нь дэмжсэн. Төслийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсан судалгааны тайланд судалгаанд оролцогчдын 42.4 хувь нь тендерийн маргаан таслах зөвлөлийг хуулиар байгуулан, маргааныг шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзсэнийг танилцуулгад дурдсан байлаа.

5.jpg

Доктор Б.Баасандорж танилцуулгадаа, хуулийн хэрэгжилтийн талаарх судалгааны үр дүнд тендер шалгаруулалтын аргын тухайд чадавхид суурилсан хэлэлцээ, урьдчилсан сонголт хийх аргыг төсөлд тусгасан гэлээ.

Хэлэлцүүлэгт тавьсан танилцуулгуудтай холбогдуулан оролцогчид асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлснээр тендертэй холбоотой гомдол маргаан хэдэн хувиар буурах, улмаар төр хувийн хэвшлээс бараа, ажил, үйлчилгээ авсан хэрнээ санхүүжилтээ шилжүүлэхгүй хугацаа алддаг ч хүү, торгууль төлдөггүй асуудлыг хэрхэн зохицуулах, дотоодын аж ахуйн нэгжид бараа, бүтээгдэхүүний түүхий эдээ татах, үйлдвэрлэх хугацааг төсөлд хэрхэн тусгасныг лавласан.

6.jpg

Мөн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд туссан нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал төлдөггүй хариуцлага сул аж ахуйн нэгжүүд тендерийн сонгон шалгаруулалтад өрсөлдөн төрийн ажил хийхтэй холбоотой зохицууллалтыг эргэн харах шаардлагатай гэж байв.

Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул, Бараатай холбоотой гомдлын тоо 93 хувиар буурна гэсэн төсөөлөлтэй байна гэдгийг хариултдаа дурдаад, үйлдвэрлэгчдэд тавигдах нийлүүлэлтийн хугацааг тухайн гэрээтэй уялдуулан тавихаар төсөлд тусгасан хэмээлээ. Түүнчлэн тэрбээр, нийлүүлэгч болон үйлдвэрлэгчдэд ялгамжтай шаардлага тавигдах эрх зүйн орчин бүрдэж байгааг онцлохын зэрэгцээ дотоодод үйлдвэрлэж буй барааг импортын бараатай өрсөлдүүлэхгүй байх эрх зүйн зохицуулалт хэвээр үргэлжилнэ гэв.

Хуулийн төсөлд өртэй компанитай гэрээ байгуулна гэж тусгаагүй, тендерт шалгарсны дараа өрөө төлөөд гэрээгээ зурах зохицуулалтыг тусгасан гэсэн тайлбарыг өгч байлаа