Ц.Батзул: Цахим дэлгүүрээс худалдан авалт хийхэд үнэлгээний хороо байгуулах шаардлагагүй
Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн төслийн талаар танилцуулсан. Тэрбээр Улсын Их Хуралд 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 7 бүлэг, 68 зүйл, 907 хэсэг, бүлгээс бүрдэж буйг дурдаад, хуулийн бүтцийг өөрчилж, хамрах хүрээг нь эргэн харсан гэлээ. Мөн хуулийн төсөлд туссан гол өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан.
Төсөлд хөндсөн гол өөрчлөлтүүдийг доорх зурагнаас харна уу.

Хуулийн төслийн хүрээнд олон нийтийн дунд судалгаа хийхдээ “Тендер шалгаруулалтад хамгийн сэтгэл дундуур байдаг асуудал юу вэ” гэх асуултыг тавьсан байна. Судалгаанд оролцогчид бага үнэтэйг нь шалгаруулдаг, стандартыг мөрдөлгүйгээр худалдан авах ажиллагааг зохион байгуулдаг, жил бүр давтаж хийдэг ажил нь төрийн байгууллага, хувийн хэвшилдээ ч цаг зав үрдэг гэсэн хариултыг түлхүү өгч, шийдэл нэхсэн байна. Иймд хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг дараах асуудалд чиглүүлсэн гэдгийг Ц.Батзул дарга танилцуулгадаа онцолсон. Тухайлбал, бага үнээр чанаргүй худалдан авалтын тухайд 2025 оны байдлаар нийт тендер шалгаруулалтын төсөвт өртгийн 75 хувийг ажил, 15 хувийг бараа, 10 хувийг үйлчилгээ эзэлж байна. Харин тендер шалгаруулалтын тоогоор харьцуулбал бараа 54 хувь, ажил гүйцэтгэх 31 хувь байгааг тодотголоо.
Иймд төсөлд шалгарсан этгээдийг харьцуулах үнэ хамгийн бага оролцогчоос сонгох байдлыг өөрчилж, чанар болон үнийн хосолмолоор тендерийн үнэлгээг хийнэ. Санал болгож байгаа бараа, ажил, үйлчилгээний чанарт оноо өгнө. Мөн санхүүгийн саналд оноо өгөх бөгөөд нийт өндөр оноотой буюу чанартай бараа, ажил, үйлчилгээ санал болгосон этгээдийг сонгох зохицуулалтыг тусгасан байна.
Хуулийн төслийн хүрээнд цаашдаа олон улсын стандартад нийцсэн цахим платформд төрийн худалдан авдаг бараа, ажил, үйлчилгээг бүртгэх замаар тендерын тоог багасгах боломжийг чиглүүлжээ. Тухайлбал, 2025 онд 17.7 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 13,351 тендер шалгаруулалт зохион байгуулсан. 1 тэрбум төгрөгөөс доош өртөгтэй нийт 4.4 их наядын төсөвт өртөгтэй 36000 тендер шалгаруулалт зарлах шаардлагагүй болох байсан байна гэсэн судалгааний дүнг танилцуулав. Төсөлд дунджаар нэг тендер шалгаруулалтад 28.4 өдөр зарцуулж байгааг ажлын таван өдрийн дотор шийдэгдэх боломжтой болно. Цахим дэлгүүрээс худалдан авалт хийхэд үнэлгээний хороо байгуулах шаардлагагүй. Ингэснээр төсвийн зардал, хугацаа хэмнэгдэнэ гэж танилцуулгад дурдсан байлаа.

Улмаар төслийн хүрээнд тендер шалгаруулалтад оролцох зардлыг бууруулах зорилт тавьжээ. Тендер шалгаруулалтад оролцоход хамгийн өндөр зардал нь тендерийн баталгаа байдаг байна. Иймд төсөл арга хэмжээг хоёр хуваан, 10 тэрбум төгрөг хүртэлх тендерийн шалгаруулалтад баталгаа шаардахгүй аж. Өрсөлдөөнийг нэмэгдүүлэх зорилгоор уг зохицуулалтыг тусгасан байна. Харин 10 тэрбум төгрөгөөс дээш тендер шалгаруулалтад төсөвт өртгийн хоёр хувиар баталгаа байршуулахаар зохицуулсан гэдгийг Ц.Батзул дарга танилцуулгадаа онцолж байлаа.
Мөн тэрбээр хуулийн төсөлд тендерийн шалгуурыг бууруулах, гэрээг хэрэгжүүлэхэд хамааралгүй зохицуулалтыг оруулахгүй байхаар зохицуулсан гэв.
Хуулийн төсөлд тусгасан гол өөрчлөлтийг доор зурагнаас харна уу.
