С.Нарангэрэл: Төр гэдэг бол хийсвэр зүйл биш

Хуулийн төсөл боловсруулагчийн 5 дахь удаагийн сургалтад Улсын Их Хурлын гишүүдийн зөвлөх, туслахууд хамрагдан оролцов.

2026-11-22 17.29.21.jpg

Сургалтын хоёр дахь өдөр Монгол Улсын Их Сургуулийн эмирит профессор, хууль зүйн шинжлэх ухааны доктор, академич С.Нарангэрэл “Хуульд тавигдах техник шаардлага-I” сэдвээр хичээл заав.

2026-11-22 17.29.28.jpg

Тэрбээр, хуулийн мөн чанар, ёс суртахуунлаг хүн байхын утгыг хөндлөө. Төр гэдэг бол хийсвэр зүйл биш, төр гэдэг бол хүн. Тиймээс хамгийн өндөр ёс суртахуунтай хүнээ өөрсдийн төлөөлөгчөөрөө сонгох хэрэгтэйг онцоллоо. Хуулийн нэр томьёоны гол утга учир нь төрөлх хэлд оршдог. Эх хэлээ хадгалж, хамгаалах, яруу сайхныг яруу найрагч Р.Чойном агсны шүлгээр жишээлж тайлбарлав. Учир нь хуульд тавигдах техник шаардлагуудын эхэнд ойлголт, чиг үүрэг, ач холбогдол, бүтэц, нэр томъёог ойлгох хэрэгтэй болно. Бэлчээрийн мал аж ахуйтай, нүүдлийн соёлт монголчууд хойч үедээ үлдээх сургамжаа бичмэл цаасан хэлбэрээр үлдээх боломжгүй байсан тул амьдралын хөдөлшгүй үнэн, жам ёсны хууль мэт агуулгыг Монгол ардын зүйр цэцэн үг болгон үр хүүхдүүддээ цээжлүүлж иржээ. Товч, цөөн хэдэнд үгэнд утгын гүнийг ой санамжид нь шингээдэг зүйр цэцэн үг бол өвөг дээдсээс бидэнд үлдээсэн бичигдээгүй хууль юм гэв.

2026-11-22 17.29.33.jpg

Хуулийн амин сүнс бол ёс суртахуун. Одоогоос 2500 жилийн өмнө эртний Ромд амьдарч байсан Аристотелийн бүтээлүүд академик шинжтэй төдийгүй, “Хүн гэдэг ёс суртахууны амьтан юм байна, ёс суртахуун гэдэг хувь хүний хувьд заяагдмал зүйл. Харин хэмжээ дамжаа нь хүн болгонд ялгаатай байдаг. Хүн гэдэг оюун бодлын амьтан юм байна” гэсэн агуулгыг багтааснаараа онцлогтой.

2026-11-22 17.29.50.jpg

Нэр томъёо гэдэг нь бүх эрдэм, мэдлэгийн амин сүнс. Хэрэв тодорхой нэр томьёог олон янзаар хэлээд, сүүлдээ учрыг нь олохгүй болоод ирэхээр аливаа нэг ойлголт төсөөлөл завхардаг. Түүн лугаа ёс суртахуун гэдгийг агуу их Аристотель “moralis” буюу “Хүмүүний сэтгэлийн эерэг энергийн өгөгдлийн цогц”гэсэн утгатай бол өдгөө зан суртахуун, сайн хүн, зөв хүн, зарчим, хүн чанар, хүмүүжил хэмээн тайлбарлаж ирсэн. Сүүлийн үед хүн бүхний амны уншлага болсон харилцаа, хандлага гэдэг нэр томъёо баруунаас орж ирэв.

2026-11-22 17.29.38.jpg

Хүний амьдралын бүх асуудлыг хуулиар зохицуулж болдоггүй юм байна. Хуулиас эрхэм зүйл хүнд байдаг. Хүний зүрх сэтгэлд ёс суртахуун гэж бий. Түүгээрээ хүн бүр илүү сайн сайхан, аз жаргалтай байх боломжтой. Магадгүй багахан хөрөнгөтэй ч түүнийгээ шударгаар олж авсан бол үүгээрээ бахархсаар энэ ертөнцөөс сэтгэл хангалуун буцдаг гэдгийг эрдэмтэд тогтоож эхэлсэн. Барууны эрдэмтэд ёс суртахуун гэхээр бусдаас хуулсан болчих гээд оронд нь “харилцаа”, “хандлага” гэдэг нэр томъёо хэрэглээд, манайхан түүнийг нь орчуулаад шинэ нэр томъёо гаргаж ирсэн байдаг.

Ёс суртахуунаа уландаа гишгээд, үл тоомсорлоод эхэлбэл гай барцад салахгүй. Архидалт мансуурал, нойргүйдэл, сэтгэл гутрал дагалдана. Чанчунь бомбо их эзэнд нэг зүйлийг онцгой анхааруулж хэлсэн байдаг. Гэнэт олдсон хар муу хөрөнгө, мөнгө бол үүл нүүж, сүүдэр нь хоромхон зуур газарт тусаад алга болдог шиг түр зуурын үзэгдэл гэдгийг захисан юм билээ. Хүн төрөлхтөн ёс суртахууны сайхан өгөгдлийг уландаа гишгэж, үл тоомсорлож эхлээд тэргүүндээ мөнгө хөрөнгө, эрх мэдэл, тансаг хэрэглээг залах болсон. Өнөөдөр хүн төрөлхтөн бүхэлдээ ийм болж, ёс суртахууны асуудал монголчууд бидний төдийгүй хүн төрөлхтөн цаашид тэсэж үлдэх үү гэдэгт хүрээд байна. Хүний хувьд шударга байдал гэдэг өмсөж, зүүхтэй ижил хэрэгцээтэй. Бидний өвөг дээдэс энхийг, шударга ёсыг тогтоогоод буцдаг байсан тухай дурдлаа.