Xөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах үүргээ төрөөс эхэлж биелүүлэх шаардлагатай
Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны 2025 оны “Хуулийн хэрэгжилтийг хангах тухай” 06 дугаар тогтоолын биелэлт, үр дүнгийн тайланг дараа нь хэлэлцэв. Уг тогтоолоор НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай Конвенц, мөн тус байгууллагаас хийсэн Монгол Улсын хоёр болон гуравдугаар нэгтгэсэн тайланд хийсэн ажиглалт, дүгнэлт, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан юм.

Тогтоолын хэрэгжилт, үр дүнгийн талаар ГБХНХЯ-ны Төсөв, Санхүү, Хөрөнгө оруулалтын газрын дарга бөгөөд Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Энхтөр танилцууллаа. Тэрбээр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаа талаар дурдаад, хуулийн төсөлд НҮБ-ын конвенцын шаардлагад нийцүүлэн 14 нэр томьёог шинэчлэн тодорхойлж, бие даан амьдрах, хувийн туслах үйлчилгээ, дэмжлэгтэй шийдвэр гаргах эрх зэрэг зохицуулалтыг тусгаж буй талаар тодорхой танилцуулав. Хүүхдийн төлөө сангийн хөрөнгөөс 2025 онд 5.0 тэрбум төгрөгийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт илрүүлэг, оношилгооны тоног төхөөрөмжид зарцуулж, улсын гурван эмнэлгийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангасан байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих төвүүдээр 2025 онд 635 хүүхэд, 2026 онд 556 хүүхэд үйлчлүүлжээ.
Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулаагүй байгууллагуудаас хэдий хэмжээний төлбөр төвлөрүүлсэн болон төрийн байгууллагууд өөрсдөө хууль хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулав. Тэрбээр төрийн байгууллагууд өөрсдөө хуулийн хэрэгжилтээ бүрэн хангаж чадахгүй байгааг шүүмжилж, хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах үүргээ төрөөс эхэлж биелүүлэх шаардлагатай гэж байр сууриа илэрхийллээ.

Яамны газар, хэлтсийн дарга нар түүнд өгсөн хариултдаа, хуулийн шаардлага хангаагүй 969 аж ахуйн нэгж 2025 онд 10.1 тэрбум төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлсэн талаар мэдээлж, энэ оны эхний найман сарын байдлаар 5.57 тэрбум төгрөг ороод байна гэсэн юм. Түүнчлэн 2025 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт 2694 иргэн хамрагдаж, 1002 хүн ажлын байртай болсон бол 2026 онд тус хөтөлбөрт 2566 хүнийг хамруулахаар төлөвлөснөөс 1170 хүн хамрагдаж, 433 хүн ажилтай болжээ.
Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал зөвхөн нэг яамны асуудал биш, салбар хоорондын бодлогоор шийдвэрлэх ёстой гэсэн байр сууртай байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр гэрээсээ гарах боломжгүй, байнгын асаргаа шаарддаг иргэд нийтийн тээврийн хөнгөлөлт эдэлж чаддаггүйг дурдаж, энэ төрлийн иргэдэд зориулсан тусгай тээвэр, асаргаа, салхилуулах үйлчилгээний тогтолцоог бий болгох шаардлагатай гэсэн юм. Түүнчлэн хараагүй иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг төрийн байгууллагууд худалдан авах ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг сануулав.
Хараагүйчүүдийн үйлдвэрийн шинэчлэлд 2025-2026 онд нийт 3 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, үндсэн цехүүдийг бүрэн шинэчилсэн байна.
Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналыг цаашдын ажилдаа тусгаж ажиллахыг Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга П.Ганзориг холбогдох байгууллагуудад зөвлөмж болгов.