Д.Үүрийнтуяа: Хиймэл оюуныг тендер шалгаруулалтад ашиглах нөхцөлийг бүрдүүлэх ёстой

Төсвийн байнгын хороо, Монгол Улсын Их Хурлын даргын 2026 оны 393 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс Төрийн худалдан авах ажиллагааны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлгийг "Их Эзэн Чингис хаан" танхимд зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Д.Батбаяр, Б.Жаргалан, Б.Уянга болон Үндэсний аудитын газар, Сангийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газар зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид зэрэг нийт 30 гаруй хүн оролцлоо.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Үүрийнтуяа уг хэлэлцүүлгийг нээж, үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хуулийг Монгол Улсын Их Хурлаас 2000 онд баталснаар төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг анх хуульчлан зохицуулсан бөгөөд уг хуулийг 2005, 2023 онд тус тус шинэчлэн найруулсан гэдгийг тодотгов.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан төрөөс баримтлах эдийн засгийн бодлого нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, нийгмийн хөгжлийг хангах зорилго болон төрөөс хэрэгжүүлэх үндэсний томоохон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх, дэлхий нийтийн чиг хандлага болсон ногоон худалдан авалт хийх механизмыг хуулиар зохицуулах, орчин үеийн технологийн дэвшлээр түгээмэл хэрэглэж буй цахим дэлгүүр, хиймэл оюуныг тендер шалгаруулалтад ашиглах нөхцөлийг бүрдүүлэх нь зүйтэй. Иймд нийгэм, эдийн засгийн байдал хурдацтай хөгжин өөрчлөгдөж, техник, технологийн дэвшлийг нийгмийн харилцаанд өргөнөөр ашиглах шаардлага үүссэн өнөөгийн нөхцөлд худалдан авах ажиллагаа ч шинэ шатанд гарах шаардлагатай болсныг ажлын хэсгийн ахлагч онцолж байлаа.

4.jpg

Мөн 2023 онд баталж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсан судалгааны тайланд “хуульд тусгагдсан зарим зохицуулалтыг боловсронгуй болгох, худалдан авах ажиллагааны үр ашиг, өрсөлдөөнийг нэмэгдүүлж эх оронч худалдан авалт, томоохон төслүүдийн худалдан авах ажиллагаа, маргаан шийдвэрлэх тогтолцоо, дүрэм, журам батлахтай холбоотой зарчмын өөрчлөлтүүдийг оруулах нь зүйтэй” гэж дүгнэсний дагуу хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан гэдгийг Д.Үүрийнтуяа гишүүн дурдав.

10.jpg

Хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг төрийн болон төрийн өмчит компанийн нийт 54 төлөөлөл, 12 төрийн бус байгууллага, хангай, хойд, баруун, говь, зүүн бүсэд 2000 бизнес эрхлэгчдийг оролцуулан хийсэн гэв.

Энэхүү хэлэлцүүлэг нь батлагдсан хуулийн төслийн үзэл баримтлалын хүрээнд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөөнт байдлыг бий болгож, зах зээлийн үнээр чанартай бараа, ажил, үйлчилгээ худалдан авах боломжийг бүрдүүлэх, худалдан авах ажиллагааны үр ашиг, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, хиймэл оюун, технологийн дэвшлийг нэвтрүүлж шуурхай, хялбар тендер шалгаруулалтыг зохион байгуулах гэх мэт гол асуудлуудын талаар саналаа солилцсон, үр өгөөжтэй, ажил хэрэгч уур амьсгалд болж өнгөрнө гэдэгт итгэлтэй байгаагаа Д.Үүрийнтуяа гишүүн онцолж байлаа.