Д.Тогтохсүрэн: Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан нь худлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах асуудлаар гишүүдийн гарын үсэг цуглуулж эхэлсэн тухай мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотойгоор МАН-ын гишүүд ч гарын үсэг зурахаа илэрхийлсэн талаарх яриа улс төрийн хүрээнд өрнөж буй.

Энэ талаар АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Засгийн газрыг огцруулах асуудлаар гишүүд үсэг зурж байгаа. Л.Оюун-Эрдэнийг огцруулах асуудлаар зарим гишүүн гарын үсэг зурахаа мэдэгдсэн. Одоогоор гарын үсэг зурсан гишүүдийг нэрлэх болоогүй. Нийт 19 гишүүн гарын үсэг зурснаар Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-д өргөн барьдаг” хэмээн мэдэгдсэн байдаг.

Харин УИХ дахь олонхийн бүлгийн дарга Д.Тогтохсүрэн уг мэдээллийг үгүйсгэлээ. Тэрбээр “Энэ бол худал мэдээлэл. Манай бүлгийн гишүүд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдыг огцруулах асуудлаарх бичигт гарын үсэг зураагүй” гэсэн тайлбарыг өгчээ.