Б.Отгонсүх: Замын-Үүдэд бөөгнөрсөн ачаа байхгүй

Замын-Үүдийн гаалийн газрын даргын түр орлон гүйцэтгэгч Б.Отгонсүх хил дээрх нөхцөл байдлын талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийжээ. Замын-Үүдийн боомтын зөвлөл ачаа тээврийн аж ахуйн нэгжүүдтэй хариуцлагын гэрээ хийж, нэг машин ачааг 10 сая төгрөгөөс дээш ачихгүй байхаар тохирчээ. Гэвч тээврийн компаниуд гэрээгээ зөрчиж байгаа учраас тусгай зөвшөөрлийг нь цуцлах арга хэмжээ авахаар болсон байна. Энэ талаар Замын-Үүдийн Гаалийн газрын даргын түр орлон гүйцэтгэгч Б.Отгонсүх дараах тайлбарыг өгчээ.

-Замын-Үүдийн ачаа тээврийн нөхцөл байдалд өөрчлөлт гарсан уу. Нөхцөл байдал яг ямар байна вэ?

-Замын-Үүдийн боомтын зөвлөлөөс томоохон гурван арга хэмжээ зохион байгуулсан. Нэгдүгээрт, Замын-Үүд боомт ногоон бүс болгох ёстой гэж үзэж нэг өрх нэг шинжилгээг хийж байна. Хоёрдугаарт, ариутгалын хаалгануудыг бүгдийг шинэчилж, сайжруулсан. Гуравдугаарт, төр хувийн хэвшил хамтран ажиллаж байна. Зургадугаар сарын үед гөдөрт 90 машин гарч байсан бол 145 болж өссөн. Мөн импортод галт тэрэг явуулж байна. Энийг үед 150 машин орж ирдэг байсан хэмжээндээ очсон.

-Хүлээгдэж байгаа машин бий юу, нэг машин хэд хоног хүлээж байж хил нэвтэрч байгаа вэ?

-Машин гарлаа гэхэд 2-3 хоногийн дараа буцаж орж ирж байна. Замын-Үүдийн гаальд 2000 орчим машин дугаарлаж байсан бол бүгдийг нь татан оруулсан. Бөөгнөрсөн ачаа байхгүй. 500-600 машины ачаа байнга эргэлдэж байдаг. Тэр хэмжээндээ очсон. Хоёр ачаа тээврийн үнийн асуудал бий. Замын-Үүдийн боомтын зөвлөл 5000 орчим ачааны машины жолоочтой хариуцлагын гэрээ байгуулсан. Нэг машин тээврийг 10 саяас дээш гаргахгүй байхаар гэрээнд тусгасан. Энэ нь бодит байдалд хэрэгжихгүй байна. Тээвэрт явж байгаа машинуудын 70 хувь нь 10 саяас дээш, 30 хувь нь 10 сая дотроо ачиж байна гэдэг мэдээллийг тагнуул, цагдаагийн байгууллагаас өгсөн. Хариуцлагын гэрээ зөрчиж 10 саяас дээш төгрөгөөр ачсан жолооч, аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг цуцлаад явна.

-Хариуцлагын гэрээг зөрчиж 10 саяас дээш ачаа тээвэрлэсэн гэлээ. Хэдэн аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг цуцлах вэ?

-Эхний мэдээллээр 10 гаруй аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлахаар бичиг баримт нь бүрдсэн гэж хууль хүчний байгууллагаас мэдээлсэн. Хэрвээ 10 сая дотор ачвал бид дэмжиж ажиллана. Цар тахалгүй үед 7-8 саяар ачиж болсон. Харин шатахууны үнэ нэмэгдсэн учраас 10 саяар тогтоосон. Гэтэл тээвэр эрхлэгч компаниуд 10 саяар дээш ачвал шаардлагатай арга хэмжээнүүдийг үе шаттай аваад явна.

-10 гаруй аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлахаар оронд нь тээвэр хийх компаниуд бэлэн үү. Дахин ачаалал үүсэх юм биш биз дээ?

-Олон хувилбарыг судалж байна. Үнийн асуудлаас гадна одоо өвөл болж байна. Өвөл болохоор ачаа тээврийг ямар зохион байгуулалтад оруулах уу гэдгийг Засгийн газар болон Замын-Үүд боомтын зөвлөл ярилцаад явж байгаа юм.