Улсаараа уярч явлаа

Халдварт өвчин судлалын үндэсний төв гэж байх. Товчилсон нэршил нь ХӨСҮТ. Уг нь “Ковид-19”-ийн цар тахлын халдвар илэрсэн үеэс өнөөдрийг хүртэл хугацаанд улсын ажлыг нуруундаа үүрч яваа мэргэжлийн ганц эмнэлэг нь. Захирал асан Д.Нямхүү нь өдөр бүр 11.00 цагийн мэдээллээр цаг үеийн нөхцөл байдлыг дамжуулна. Түүнийг нь иргэд, олон нийт эгдүүцэж бус аль болох эерэг талаас нь хүлээж авна. Тэр бүх шалтгаанаар Д.Нямхүү эмч ард түмний дунд “Баатар”-ын дүртэй болсон цаг саяхан. Өөрөөр хэлбэл, улсын Ерөнхий сайдаасаа эхлээд уяр явлаа.

Гэвч “Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй” гэгчээр салбарын сайдтайгаа таарамжгүй харилцаатай явсан нь Д.Нямхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шалтгаан болж байв. Цаашлаад ХӨСҮТ-тэй холбоотой олон арван баримт төдийгүй өнөөгийн нөхцөл байдлыг харуулсан гэрэл зураг нийгмийн сүлжээнд түгсэн нь эерэг уур амьсгал “бүрдүүлдэг” Д.Нямхүүг үндэстний хэмжээний дайсан болгож орхисон. Ажлаасаа чөлөөлөгдсөн түүний оронд Д.Наранзулыг томилсон ч төд удалгүй албан тушаалаа хүлээлгэж өгөөд одсон.

Араас нь Л.Баттөрийг томилтол мөн л өөрийн хүсэлтээр ажлаа өгснөөр ХӨСҮТ Ц.Билэгтсайхан нэртэй шинэ захиралтай болов. Үндсэндээ цар тахлын голомттой тэмцэх тэргүүн фронтод зогсож буй Эрүүл мэндийн яамны гол ажлыг нугалдаг ХӨСҮТ-ийн удирдлага жил хүрэхгүйн хугацаанд дөрвөн захирлын нүүрийг үзэж байна. Хачирхалтай нь, ХӨСҮТ-ийн орлогч захирал Ж.Байгалмаа мөн л ажлаа хүлээлгэн өгөхөөр болж байна. Уг шалтгаанаа “Ажлаа хүлээлгэн өгөхөөр болсон нь үнэн. Хувийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байна” гэж тайлбарлажээ.

Ийнхүү хүн амын нас баралт өдрөөс өдөрт нэмэгдэж, халдварын тоо 2000-аас буухгүй байгаа энэ цаг үед хамгийн чухал үүрэгтэй эмнэлгийн бодлого, менежментийг зангидаж, нугалах учиртай удирдлагын тогтолцоо нь хэтэрхий хэврэгшиж эхэлсний дохио юу вэ? Хэсэгтээ нам гүн явсан захирал асан Д.Нямхүү нь ч салбарын яамтайгаа шүүхдэлцэж, эхний байдлаар ялалт байгуулчихаад буй. Буцааж албандаа томилогдохоос илүүтэй ажилгүй байсан хугацааныхаа нөхөн олговрыг шаардаж байгаа гэх.

Г.Эрхэс