Х.Баттулгын баллуурдсан уламжлал У.Хүрэлсүхийн үед сэргэлээ

Ерөнхийлөгч асан Х.Баттулгад нэг гэм байдаг байв. Гэм гэхээсээ зан. Тангараг өргөсөн өдрөөсөө Төрийн тахилгат ууланд очихгүйгээ мэдэгдэж, төлөөний хүнээ илгээж асан тэрбээр орон орны Төрийн тэргүүн нэгэн дээвэр дор чуулж, дэлхий нийтийн өмнө тулгарч буй цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлж, саналаа нэгтгэдэг НҮБ-ын чуулганыг өнжсөн юм. 

Угтаа бол бусдын асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэх, тунхаг гаргах гэхээсээ тухайн орон улс төр, геополитикийн ямар чиг баримжаа, байр суурьтай явааг “тольдох” гүүр нь НҮБ, “тодрох” талбар нь ногоон индэр. НҮБ-ын чуулга уулзалт, ногоон индэр гэдэг хэн дуртай нь гараад үг хэлдэг, байр сууриа илэрхийлдэг талбар биш. Тухайн цаг үедээ дэлхий нийтийн анхаарлын төвд хамгийн их орж байгаа асуудлыг шүүрэн авч хэлэлцдэг, гарц эрэлхийлдэг, Монголоор бол УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхим нь НҮБ. 

Гагцхүү тусгаар Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын үед тогтсон гадаад харилцаа, дипломат ёсыг баллуурдсан нь үнэндээ Х.Баттулгын цаг үеэ мэдрээгүй ойрын зайны л улс төр байв. Харин энэ удаад Нью-Йорк хотноо зохион байгуулж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх биечлэн оролцохоор болжээ. Чуулганд урьдчилсан байдлаар 111 улсын төр, засгийн удирдлагууд биечлэн оролцохоо мэдэгдсэний нэг нь Монгол гэсэн үг.

Учир нь, Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ой тохиож байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэх аж. Улмаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш, Хөгжлийн хөтөлбөрийн захирагч А.Штайнер болон зарим улсын төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийхээр төлөвлөжээ. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутеррешийг ирэх онд Монгол Улсад айлчлах урилга хүргүүлэх юм байна.

Ийнхүү 2016 онд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганд биечлэн оролцож байснаас таван жилийн хугацаанд Төрийн тэргүүний төвшинд оролцоогүй тасарсан уламжлал сэргэх нь.

Г.Эрхэс