С.Амарсайхан: Чөлөөт бүсийн захирагчид эргэх холбоотой, ажлын уялдаа холбоогоо сайжруулах шаардлагатай

Чөлөөт бүсийн захирагчдыг Шадар сайд хүлээн авч уулзлаа.

Шадар сайдын харьяанд үйл ажиллагаагаа явуулдаг Замын-Үүд, Алтанбулаг, Цагаан нуур чөлөөт бүсийн захирагчид, Хөшигийн хөндийд чөлөөт бүс байгуулах судалгааны багийн гишүүд болох БХБЯ-ны ХБГХБХЗГ-ын дарга Ц.Баярбат, Барилгын хөгжлийн төвийн дэд дарга О.Одбаяр нартай уулзжээ.

Уулзалтын эхэнд Замын-Үүд чөлөөт бүсийн захирагч А.Энхзул мэдээлэл хүргэлээ. Тус чөлөөт бүсийн хувьд олон жилийн хугацаанд үйл ажиллагаа эхлүүлэхээр хүлээж, өнгөрсөн долдугаар сард Засгийн газрын хуралдаанаас байнгын үйл ажиллагааг нь эхлүүлэх шийдвэр гарч, наймдугаар сарын 15-наас байнгын ажиллагаа эхэлсэн.

Мөн Замын-Үүд суманд 2015 онд баригдаж ашиглалтад орсон ч үйл ажиллагааг явуулалгүй зургаан жил болсон, үүний улмаас тохиргоо засварын зардлыг шийдэх шаардлагатай болсон Дулааны станцтай холбогдох 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Шадар сайд санаачлан Засгийн газрын хуралдаанаар оруулан шийдвэрлэжээ. Тус станц өнгөрсөн сарын 27-ноос үйл ажиллагаа хэвийн явуулж, өнөөдрийн байдлаар Замын-Үүд сумыг дулаанаар хангаж эхэлсэн.

Замын-Үүд чөлөөт бүсийн хамгаалалтын хашааг арван нэгдүгээр сард барьж дуусгана. Ирэх оны хоёрдугаар улиралд багтаан чөлөөт бүсийн цахилгаан хангамжийн дэд өртөөг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Чөлөөт бүсийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан аж ахуйн нэгжүүд бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлсэн аж.

Цаашид арван нэгдүгээр сард багтаан Замын-Үүд чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол, хэсэгчилсэн төлөвлөгөөгөө Засгийн газрын хуралдаанаар оруулан батлуулах, УИХ-ын намрын чуулганаар Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах” тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлуулахаар холбогдох бэлтгэлийг хангаж байгаа аж. Ингэснээр Замын-Үүд чөлөөт бүсийн байнгын үйл ажиллагаа идэвхжиж, хөрөнгө оруулалт нэмэх замаар бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, “Замын-Үүд” хилийн боомтод үүсээд буй тээвэр, ложистикийн асуудлуудыг шийдвэрлэх боломж бүрдэх юм.

Алтанбулаг чөлөөт бүсийг 2014 онд Засгийн газрын 153 дугаар тогтоолоор нээж, үйл ажиллагааны байнгын дэглэмд шилжин ажиллаж эхэлсэн. 2014-2021 онуудад 20 гаруй хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгж байнгын үйл ажиллагаа явуулж, чөлөөт бүсэд хүнсний бараа, техник тоног төхөөрөмж, гэр ахуй, гоо сайхан, спорт бараа болон бэлэн хувцас зэрэг давхардсан тоогоор 100 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг импортлон худалдаалдаг.

Гэсэн ч цаашид чөлөөт бүсийн үйл ажиллагааг өргөтгөх, шинэчлэх ажлын хүрээнд нэн шаардлагатай цахилгаан хангамжийн өргөтгөл, авто зам, барилга угсралтын ажлыг эхлүүлэх, худаг сувагчлалын байгууламж байгуулах, Захирагчийн ажлын алба, мэргэжлийн хяналтын лабораторийн барилга барих, Гаалийн теле хяналтын нэгдсэн системд холбох зэрэг ажлын зардалд 100 гаруй тэрбум төгрөг хэрэгтэй байгааг тус чөлөөт бүсийн захирагч Ж.Амаржаргал мэдээллээ.

2005 онд хилийн заагийг тогтоох тухай УИХ-ын 74 дүгээр тогтоол, Цагааннуур чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба байгуулах тухай Засгийн газрын 134-р тогтоолууд тус тус батлагдаж, Цагааннуур чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба байгуулагдсан.

2007-2015 оны хооронд улсын төсвөөс 1,53 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтаар бүсийн хашаа харуул хамгаалалтын байгууламж 2008 онд, бүсийн ЦДАШ-ын 10кВт-ийн дэд станц 2008 онд, услалтын систем бүхий ногоон байгууламж 2011 онд тус тус ашиглалтад орсон.

Тус чөлөөт бүсэд 2019-2020 онд худалдаа, үйлчилгээ эхлүүлэх 1 га талбайг засаж гэрэлтүүлгийн ажил болон өндөр хурдны интернетийн шилэн кабел татаж, камержуулсан.

Цагааннуур чөлөөт бүс ашиглалтад орж, байнгын үйл ажиллагаагаа эхлүүлснээр жил бүр ДНБ 0.03-0.2%-иар өсөж, ажлын байр 250-1350 болж нэмэгдэх аж.

Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Цагааннуур чөлөөт бүсийн хажуугаар Ази, Европыг холбосон АН-4 олон улсын авто зам 2019 онд ашиглалтад орсон. Бүсээс боомт хүртэлх 28 км авто зам, Өлгий хотыг тойрч гарах зам гүүрийн барилгыг энэ онд дуусгахаар төлөвлөжээ. Энэ нь Цагааннуур чөлөөт бүсэд ОХУ болон БНХАУ-ыг холбосон тээвэр ложистикийн төв байгуулахад давуу талтай хэмээн Цагааннуур чөлөөт бүсийн захирагч А.Аманкелди танилцууллаа.

Цагааннуур чөлөөт бүс ашиглалтад орж, байнгын үйл ажиллагаагаа эхлүүлснээр жил бүр ДНБ 0.03-0.2%-иар өсөж, ажлын байр 250-1350 болж нэмэгдэх аж.

Хөшигийн хөндийд чөлөөт бүс байгуулах ажил судалгааны шатанд явж байгаа бөгөөд судалгааны багийн гишүүд Шинэ нисэх онгоцны буудлын орчмын бүтээн байгуулалттай холбоотой холбогдох хууль, тогтоомжийг судлах, эдийн засгийн чөлөөт бүсийн тухай мэдээлэлд шинжилгээ хийх, төсөл хэрэгжүүлэх зураглалыг нэгтгэх, логистикийн төв, инженерийн үндсэн дэд бүтцийг хөгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээ болон тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох зэрэг ажлыг хэрэгжүүлж байгаа тухай мэдээллийг судалгааны багийн төлөөлөл өглөө.

Шадар сайдын зүгээс чөлөөт бүсийн захирагчдад хандан Чөлөөт бүсийн үйл ажиллагааг явуулахын байнга анхааран ажиллаж байгаагаа илэрхийлж, бүсийн захирагчдыг эргэх холбоотой, ажлын уялдаа холбоогоо сайжруулж ажиллах, мөн Чөлөөт бүсийн тухай хуулийг УИХ-ын чуулганаар батлуулах гэж буйтай холбогдуулан саналаа нэгтгэн нэмэлтээр тусгаж оруулах, зохион байгуулалтын төлөвлөлтөө нарийн тооцоо судалгаанд үндэслэн гаргах, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг бүх талаар дэмжин, хурдтай бүтээлч байдлаар ажиллахыг санууллаа.