Ерөнхийлөгчийн Засгийн газарт өгсөн чиглэлийг хотын дарга дэнсэлнэ

Нийт шүүгчийн анхдугаар чуулган Төрийн ордонд болж Шүүхийн ерөнхий зөвлөл болон Сахилгын хорооны шүүгч гишүүнийг нууц санал хураалтаар сонгосон. Чуулганыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ Улсын Дээд шүүхийг удахгүй буурь сэлгэх хотын захиргааны төв байр болох Хангарди ордонд байрлуулах хүсэлтэй буйгаа мэдэгдсэн юм. Тэрбээр "Төрийн тэргүүний хувьд Улсын Дээд шүүхийг улсынхаа төв талбайн баруун талд байрлан үйл ажиллагаагаа явуулаасай хэмээн хүсэж байна. Энэ талаар миний бие Засгийн газарт холбогдох чиглэл өгсөн. Засгийн газар нааштай шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна" гэсэн байдаг. Тэгвэл Ерөнхийлөгчийн зүгээс Засгийн газарт өгсөн уг чиглэл биеллээ олох магадлал нь хэр вэ?

Хотын захиргааны төв байр Хангарди ордонг ямар зорилгоор ашиглах асуудал зөвхөн энэ удаад ч хөндөгдсөн зүйл биш. С.Батболдыг нийслэлийн Засаг даргаар ажиллаж байх үед Яармаг руу хотын захиргааг нүүлгэх ажлыг эхлүүлж, 2019 оны нэгдүгээр улиралд багтаж бүрэн нүүлгэх санал гарч байв. Тэгэхэд "Өнгөрсөн есдүгээр сард болсон НИТХ-ын ээлжит хурлаар хотын захиргааны барилгын эхний санхүүжилт болох 17 тэрбум төгрөгийг шийдсэн. Ер нь бол гурван корпус барилга баригдах юм. Нэг нь ИТХ, Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, хоёр дахь нь агентлагуудынх гуравдах нь иргэдэд үйлчлэх төв гэсэн гурван барилга. Үүнийг хоёр жилийг хугацаанд барихаар төлөвлөж байгаа. Бид санхүүжилтийг хотын төв дэх үл хөдлөх хөрөнгүүдээ худалдах замаар шийднэ. Хангарьд ордныг олон нийтэд нээлттэй дуудлага худалдаагаар худалдана. Мөн манай 4 дүгээр байр буюу хуучин Ард банкны байрыг нээлттэй худалдана. 

Яармаг руу нүүх асуудал бол шинэ байр руу шилжих асуудал биш юм. Энэ бол төвлөрлийг сааруулах ажлын эхлэл юм. Манай 3,000 албан хаагч өдөрт 10-15 мянган хүнд үйлчилгээ үзүүлдэг. Ер нь дэлхийн бусад хотуудын төвлөрлийг сааруулсан туршлага нь хотынхоо захиргааг нүүлгэсэн явдал. Засгийн газар, яам, агентлагаа нүүлгэх биш хотынхоо захиргааг нүүлгэдэг.  Үүний дараа маш олон төрийн захиргааны байгууллагууд нүүх байх. Хотын төв рүү ирдэг 30-40 мянган машины урсгалыг хотын зах руу шилжүүлэх боломжтой гэж харж байгаа" гэдгийг нийслэлийн Засаг дарга С.Батболд тайлбарлаж байв. Гэвч энэ асуудал биеллээ олоогүй.

Харин Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг Яармаг руу шилжүүлснээр Улаанбаатар хотын түгжрэл тодорхой хэмжээгээр буурна гэсэн шийдэл гарсны дагуу арванхоёрдугаар сарын 31-ний дотор нүүлгэн шилжүүлэхээр болсон юм. Шийдвэр гарсантай холбогдуулж, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн "Эхний ээлжид Захирагчийн ажлын албыг нүүлгэнэ. Ирэх жилийн намар гэхэд НЗДТГ-ын алба хаагчид Яармаг руу бүрэн нүүж дуусна. Харин Хангарди ордон нийслэлийн өмч учраас дуудлага худалдаагаар худалдана. Өнгөрсөн жил 46 тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн" гэдгийг хэлж байв.

Тэгэхээр Хангарди ордонг ямар зориулалтаар эзэмшиж, эзэмшүүлэх эсэх нь Засгийн газраас бус нийслэлээс хамаарах нь. Өөрөөр хэлбэл, Улсын Дээд шүүхийг Төв талбайн баруун талд төвхнүүлэх Ерөнхийлөгчийн санаачилга бодит биеллээ олох нь хотын дарга Д.Сумъяабазараас шалтгаална гэсэн үг.

Г.Эрхэс