Шадар сайдыг хоёроор нэмэх Н.Алтанхуяг гишүүний санал

МАН-ын мөрийн хөтөлбөрт Соёлын яамтай болох заалт тусгасан нь биеллээ олж, Засгийн газрын бүтцэд сэргээж байгуулсан нь 2020 оны долдугаар сар. Сонгуулийн үр дүнгээр МАН хоёр дахь удаагаа бүрэн эрхээ хэрэгжүүлж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар улирсны дараахан. Тэгэхэд “Сонгуулиар ард түмэн тогтвортой байдлыг хүссэн. Засгийн газар тогтвортой ажиллах ёстой. Эдийн засгийн хөгжлийн яам хэрэгтэй гэвэл хэрэгтэй. Гэхдээ хэрэгжих хугацааг нь хойшлуулж байгаа юм. Яам шинээр байгуулаад, сандал ширээ зөөгөөд байхгүй, ажлаа хий гэсэн. Засгийн газар байгуулах гэж өчнөөн олон яамыг татан буулгаад, сандал ширээ зөөгөөд учир тоймоо алддаг. Тиймээс Ерөнхий сайд Засгийн газрыг тогтвортой ажиллуулъя гэсэн. Эдийн засгийн хөгжлийн яамны асуудлыг Хөгжлийн яамны эрхлэх асуудлыг ЗГХЭГ-т авъя гэж байгаа юм. Аль болох хөдөлгөөн бага хийе гэж үзэж байна. Энэ бүтцээрээ Засгийн газар ажиллаад үзэг. Үр дүн нь гарах байх” гэдгийг гүйцэтгэх засаглалын тэргүүний хувиар чуулганы индрээс мэдэгдэж байлаа.

Харин 2021 оны нэгдүгээр сард өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэж өгсний дараа орыг нь залгасан Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газрын бүтцийг хадгална. Харин хоёр шинэ яам байгуулна. Эдийн засаг, хөгжлийн яам. Хоёр дахь нь Цахим хөгжлийн яам. Ингэснээр төрийн албаны данхайсан бүтцийг 30-35 хувиар цомхотгоно. Асар их хэмжээний цаасыг хэмнэнэ. Ийм хоёр яамыг намрын чуулганд оруулж ирж хэлэлцүүлнэ. Одоо бол яамдын бүтцэд өөрчлөлт хийхгүй” хэмээн хэлж байв.

Тэр үеэс есөн сарын дараа буюу энэ цаг үед Засгийн газрын бүтцэд хоёр яам шинээр нэмж байгуулах асуудал УИХ-ын босго давсан нь дэмжлэг хүлээв. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржийн хэлснээр хөгжлийн бодлого, төлөвлөлтийг тогтвортой болгох, төр-хувийн хэвшлийн түншлэлийн шинэ соёлыг бүрдүүлэх зорилгоор Хөгжлийн бодлого, эдийн засгийн яамыг, цахим үндэстэн болох зорилтоо илүү далайцтай өрнүүлж, цахим шилжилтийг 2024 он хүртэл 90 хувьд хүргэх зорилтын хүрээнд Цахим хөгжлийн яамыг тус тус байгуулахад холбогдох хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Хоёр яам байгуулах зардлыг 2022 оны төсвийн хуулийн төсөлд тусгасан. Дээрх хоёр яамын суурь болох Үндэсний хөгжлийн газар, Харилцаа холбоо мэдээлэл технологийн газрууд үйл ажиллагаа явуулдаг. УИХ-аас шинээр хоёр яам байгуулах шийдвэр гарвал дээрх хоёр агентлагийн сууринд байгуулна гэдгийг онцлоно лээ.

Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржийн хэлсэнчлэн шинээр хоёр яам байгуулах шийдвэр гарвал биш угаасаа гарна. Үндэсний хөгжлийн болон Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар яамны энтэй болж бүтэц зохион байгуулалтын хувьд томрох нь тодорхой. Сайд нь хэн байхаас үл хамаарч орон тооны өөрчлөлт хийнэ, сандал ширээ зөөж таарна. Ерөнхий сайд байхдаа “Яам шинээр байгуулаад, сандал ширээ зөөгөөд байхгүй, ажлаа хий гэсэн” У.Хүрэлсүхийн үг Ерөнхийлөгчийн өнгөн дээр нь бүдгэрнэ. 

Уг нь хуулийн төслийг хэлэлцэх үеэр яамны бүтэц, орон тооны тухай, төсөв мөнгөний зарцуулалтыг тойрч ярьснаар бусдаар тоймтой байр суурь хэлэх гишүүн олонхийн Бүлгээс гарсангүй. Харин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг яам байгуулахгүйгээр сайдын орон тоог нэмэх санал гаргасан нь арай ханатай тусав. Тэрбээр “Хөгжлийн яам, Цахим яам байгуулж байснаас Хөгжлийн асуудал хариуцсан Шадар сайд, Мэдээллийн технологийн асуудал хариуцсан Шадар сайд бий болгох хэрэгтэй. Монгол Улсын хөгжлийн асуудлыг гурван Шадар сайд нь Ерөнхий сайдтайгаа хамтран аваад явдаг болмоор байна” гэсэн ч сайд Ц.Нямдорж тэргүүтэй УИХ-ын гишүүд түүний саналыг хүлээж авсангүй. Угтаа бол тэгж их шинээр яам байгуулах шаардлага бий болсон нь үнэн л юм бол Н.Алтанхуяг гишүүний хэлдэг асуудал зарчмын хувьд зөв, илүү бодитой санал. Хамгийн анх Д.Бямбасүрэнгийн Засгийн газрын үед буюу 1990-1992 онд Засгийн газар Да.Ганболд, Ч.Пүрэвдорж, Д.Дорлигжав гэсэн гурван Шадар сайдтай байв. 

2004-2006 оны Ц.Элбэгдоржийн Засгийн газрын үед Шадар сайд нь Ч.Улаан, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдаар У.Хүрэлсүх, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд нь Д.Дорлигжав нар байлаа. Удаахь М.Энхболдын танхим ч энэ бүтэц, агуулгыг нь хадгалж, М.Энхсайхан Шадар сайд, У.Хүрэлсүх Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн болон С.Отгонбаяр Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдын албатай явсан. Хожим С.Баяр, С.Батболдын Засгийн газрын үед асуудал эрхэлсэн сайдын орон тоог халж, Н.Алтанхуяг Тэргүүн Шадар сайд, М.Энхболд Шадар сайдаар ажилласан нь 2008-2012 он. Агуулга, нэршлийн хувьд өөр ч Монгол Улсын Засгийн газар хоёроос гурван Шадар сайдтай ажиллаж байсан бэлээхэн баримт нь энэ.

Заавал агентлагийн эрх үүрэг, статусыг томруулж, яам болгож, урсгал зардлаа нэмж байхаар асуудал эрхэлсэн эсвэл Шадар сайдын орон тоог нэмэгдүүлэхэд шийдэх асуудал гэсэн үг. Ганцхан жишээ дурдахад одоогийн Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Стандарт, хэмжил зүй, Төрийн худалдан авах ажиллагаа, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гэсэн таван агентлаг багтдаг. Үүн шиг яаран яам байгуулах бус Шадар сайдын орон тоог нэмэгдүүлж,  Үндэсний хөгжлийн болон Харилцаа холбоо мэдээлэл технологи гэсэн хоёр агентлагийг Засгийн газрын төвшинд бодлогоор дэмжих нь өнөөдрийн нөхцөлд илүү тохирохгүй гэж үү? Чиг үүрэг, статус нь дагаад томрохоос бусдаар сандал, ширээ зөөж, орон тооны өөрчлөлт хийхгүй нь лав.

Г.Эрхэс