Арьс боловсруулах цех байгуулж өрхөөр үстэй дээл урлагч
Өмнөговь аймгийн Ханбогд сумын өрхийн үйлдвэрлэгч О.Батчимэг хөдөөгийн буйдхан талд төрж, мал маллах ухаан суралцан өсчээ. Хүүхдүүдийнхээ дээл, хувцсыг нямбай гэгч нь оёдог ээж нь уран удмын үргэлжлэл болсон үйлчин. Багаасаа ээждээ тусалж, дээл хавж өгөхөөс эхлээд эсгүүр гаргах, жонхуу буцалгах зэргийг гардан хийнэ. Наймдугаар ангиа төгссөн жилээ буюу 16 настайдаа анхны дээл оёж байсан О.Батчимэг амьдралынхаа 30 жилийг урлах үйлст зориулжээ. “Ээжээрээ заалгаж, орос даавуун дээл оёж байсан. Тухайн үед хаваасын муухай оёсон байна гэж ханзлуулж, дахин хийлгэж байсан нь санаанаас огт гардаггүй юм. Саарал даавуун судалтай даавуун дээлээ олон жил өмссөн. Ханьтайгаа 1991 онд танилцаж, гэр бүл зохиосон байдаг. 2009 он хүртэл мал маллаж, гэр бүлтэй болж, хүүхдүүдээ сургуульд оруулахаар сумын төв рүү орж ирсэн. Тэр үеэс тууштай дээл оёж, өрхийн үйлдвэрлэл тууштай эрхэлсэн. Зун, хаврын улиралд малаа маллаж, хөдөө гэртээ байдаг. Ханийн минь дэмжлэг их байдаг” гэв.
Сумын төвдөө суурьшиж, шулуун болон хэрээсний машин худалдан авснаар захиалгын дээл боломжийн үнэлгээтэй хийж эхэлжээ. 2018 онд ажлын хувцасны массын үйлддвэрт ажилтнаар орсон байна. Гурван жил ажиллаад өрхийн үйлдвэрлэлийг тууштай эрхлэх шийдвэр гаргаж, үстэй болон нэхий дээлийг оёж эхэлсэн нь эрэлттэй бүтээгдэхүүний нэгээр тодорчээ. Энэ жилээс өөрөө арьс, нэхийгээ элдэж, хүний хэрэгцээг хангах бүх төрлийн хувцас хийх зорилго тавьсан байна. Хурганы арьсны олдоц хомс тул эхний ээлжид үзүүрсгэн нэхий дотортой дээлийг түлхүү хийж байгаа аж.
Үндэсний хувцсаа өдөр тутамдаа өмсч, жихүүн өвлийн жиндүү өдөр үстэй болон нэхий дээлээрээ гоёдог олон хүн бий. Захиалгаар хийлгэсэн, хийлгэх хүсэлтэй хүмүүс түүн рүү үргэлж залгана. Үүнээс өрх, үндэсний үйлдвэрлэлээ хүмүүс дэмжиж, хэрэглээ нь нэмэгдсэн нь харагдаж байгаа юм. Нэхий элдэхэд хэрэглэх тоног төхөөрөмжөөр хангасан төдийгүй өөрөө боловсруулах бүх шат дамжлагыг эхлэхээс эцсийн бүтээгдэхүүн болтол хариуцна. “Элдүүр, халимны машин худалдаж авсан. Хашаандаа жижигхэн ажлын байртай болсон. Арьсаа угаахаас ажил эхэлж, 14 хоногийн дараа бүрэн боловсроно. Хонины нэхий үнэгүйдэж, хог руу хаях нь ихэссэн. Ченжүүдэд хэлээд авна. Хүмүүс холбогдож, үнэ ханш асууна. Энгийн монгол дээлийг 100 мянгаар оёно. Харин нэхийгээ 700, үстэй дээлийг 1.5 саяын үнэлгээтэй хийж байна” гэлээ.
Тэрбээр хашаандаа 5х7 хэмжээтэй ажлын байртай болсон байна. Арьсаа элдэж, үйллвэрлэх байраа өргөжүүлж, ажил олгогчийн эгнээ рүү шилжих хүсэлтэй ч хөрөнгө санхүүгийн асуудал тулгарна. Одоогоор төрөөс олгодог ямар нэгэн зээл тусламж аваагүй ч хийж, хэрэгжүүлж байгаа ажлаа төрийн албан хаагчид танилцуулсан тухайгаа хэлж байсан юм.
Арьс боловсруулах цехдээ ажиллахын зэрэгцээ дээл оёж өдөр, шөнөгүй ажилладаг түүний үнэнч туслах нь хоёр охин нь. 12 болон долдугаар ангид сурдаг тэд ээжийнхээ ажлыг үргэлж дэмжиж, цаг тутамд тусалдаг байна.
Эрс тэс уур амьсгалд амьдардаг монголчуудын хувьд эрт үеэс үстэй, нэхий дээлээ өмссөөр ирсэн. Даарч жиндүүлэхгүй, чийг татдаггүйгээрээ давуу талтай. Одоогоор хүүхдийн бойтог, бээлий, дээл гэсэн гурван төрлийн бүтээгдэхүүн хийж байна. Цаашид нэр төрлөө нэмэгдүүлнэ гэдгээ онцолж байв.
С.Ичинхорлоо
Захиалга өгөхийг хүсвэл 88130141 утсаар холбогдоно уу.