​БНСУ-аас 13.3 тонн эм, эмийн хэрэгсэл татан авна

БНХАУ-ын Эрээн боомт түр хугацаагаар хаагдсан, Тяньжин боомтод ачаа саатсантай холбоотой хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, дотоодын үйлдвэрийн түүхий эд, урвалж оношлуур тасалдах, эмнэлгийн тусламж  үйлчилгээ доголдох эрсдэл үүссэн.

Уг асуудлыг шийдвэрлэхээр Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг ЭЭХХЗГ-тай хамтран эм, эмнэлгийн хэрэгслийн татан авалтыг эрчимжүүлж, тасалдал үүсгэхгүй байх чиглэлээр боломжит арга хэмжээг авч ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд “Энхийн шүүдэр”, “Айвико” эмийн үйлдвэрүүдэд БНХАУ-аас ирсэн 38 тонн эм, эмнэлгийн хэрэгслийг арваннэгдүгээр сарын 05-ны өдөр хүлээлгэн өглөө.

Мөн арваннэгдүгээр сарын 8, 10-ны өдөр БНСУ болон БНХАУ-аас нийт 82,9 тонн ачаа тээвэрлэгдэн ирж байна. Түүнчлэн БНСУ-аас дахин 13,3 тонн ачаа ирэх бөгөөд Энэтхэг улсаас эм, эмнэлгийн хэрэгсэл татан авах ажлыг зохион байгуулж байна.