М.Бадамсүрэн: Хөгжлийн индексээр сүүлийн жилүүдэд 21 аймгаас тогтмол эхний байруудад эрэмбэлэгдэж байна

УИХ-ын Нутгийн удирдлагын дэд хороо, Төрийн албаны зөвлөлтэй хамтран Төрийн албаны тухай болон  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийн талаар уулзалт, хэлэлцүүлгийг Дорнод аймагт зохион байгууллаа.

Тус аймгийн хувьд хүний хөгжлийн индексээр сүүлийн жилүүдэд 21 аймгаас тогтмол эхний байруудад эрэмбэлэгдэж байна. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан бид орон нутгийн төрийн албаны хүний нөөцийг бүрдүүлэх, төрийн албан хаагчдыг чадавхжуулах ажлыг үе шаттай зохион байгуулж байна. 2020 оноос эхлэн төрийн албаны ерөнхий шалгалтад оролцогчдод зориулсан сургалтыг орон нутгийн төсвийн 7,5 сая төгрөгийн хөрөнгөөр үнэ төлбөргүй зохион байгуулж туршлагатай мэргэшсэн төрийн албан хаагчид, Дорнод Их Сургуулийн багш нарыг түшиглэн хичээл явуулж байна. Төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцсэн иргэдийн 70 хувь нь тус сургалтад хамрагдсан. Төрийн албаны сул орон тоог нөхөх зорилгоор орон нутагт нэн шаардлагатай мэргэжлээр их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудад сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлж, гэрээ байгуулах замаар сумдын төрийн албан хаагчийн нөөцийг бүрдүүлэх зорилготой аймгийн Засаг даргын нэрэмжит “Нутгийн ирээдүй” зорилтот төслийг 2019 оноос эхлэн хэрэгжүүлж 74 оюутанд 270.193.760 төгрөгийн санхүүжилттэй тэтгэлэгт олгосон байна. Тус тэтгэлэгт хамрагдан суралцаж буй оюутнуудаас 14 оюутан хүний их эмч, сувилагч, малын эмч, био анагаах, багш зэрэг мэргэжлээр төгсөж 9 сумын боловсон хүчний нөөцийг бүрдүүлсэн. Төрийн байгууллагад шинээр томилогдсон албан хаагчдад ажлын чиг баримжаа олгох, байгууллагын соёл, үйл ажиллагаанд дадлагажуулах, төрийн бодлогын залгамж чанар, мэргэшсэн албыг бэхжүүлж Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс хэрэгжүүлж буй “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ үзүүлэх хөтөлбөр”-т хамрагдаж 14 сумын төрийн байгууллагад Ахмадын зөвлөх үйлчилгээ ажиллуулж байгааг Засаг дарга М.Бадамсүрэн танилцууллаа. 

Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, ёс зүйн зөвлөлүүдийг бэхжүүлэхтэй холбоотой шинэчлэлийн талаар танилцуулав. Төрийн албаны зөвлөлийн Сургалт, судалгаа, мэдээллийн нэгдсэн сангийн газрын хэлтсийн дарга Л.Санжаарагчаа “Цогц чадамжид суурилсан хүний нөөцийн удирдлагыг нэвтрүүлэх нь” сэдвээр сургалт явууллаа.

Өнөөдрийн байдлаар Дорнод аймагт 120 гаруй сул ажлын байр байгаа бөгөөд төрийн албаны салбар зөвлөлөөс дөрвөн удаагийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулжээ. Эдгээр сонгон шалгаруулалтын дүнд 32 албан тушаалд томилгоо хийсэн байна. Төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн иргэдийн хувьд орон нутагт тэр дундаа суманд ажиллах сонирхолгүй байдгаас хүний нөөцийн хомстол үүсэх нэг шалтгаан болж байна. Тиймээс орон нутагт ажиллах хүний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч, эдийн засгийн болон нийгмийн цогц бодлого хэрэгжүүлэх шаардлагатайг мэргэжилтнүүд хэлж байна. Мөн орон нутагт төрийн жинхэнэ албан хаагчийн сул орон тоог шатлан дэвших зарчмаар нөхөхөд хугацаа хүрэхгүй, албан тушаалын зэрэглэл хангахгүй байх хүндрэл гардгийг харгалзан үзэж, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд уян хатан зохицуулалт оруулж, өөрчлөх хэрэгтэйг хэлэлцүүлгийн үеэр хөндөж байлаа.