Төвийн бүсэд хамгийн их буюу 30 сая мал өвөлжинө

ХХААХҮЯ-ны тоон мэдээллээр энэ өвөл төвийн бүсэд хамгийн их буюу 30 сая мал өвөлжихөөр болжээ. Баруун таван аймагт 15 сая толгой мал, зүүн бүсэд 12 сая, говийн бүсэд 9 сая, нийтдээ улсын хэмжээнд 67.7 сая мал өвөлжинө. Отроор өвөлжих малын тоо өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 9 саяар буурах тооцоо гарчээ.

Учир нь энэ жил нийт нутгийн 80 хувьд ургамлын гарц их, зуншлага сайн байв. Тиймээс отор нүүдэл хийх малчдын тоо буурч буй талаар мэдээлж байна. Энэ өвөл 19 мянган өрхийн 8 сая толгой мал отрын бүс нутагт өвөлжиж, дийлэнх хувь нь сум, орон нутагтаа бэлчээрлэнэ. Өнөөдрийн байдлаар өвс тэжээлийн нөөцийг малчдын хувьд 90 орчим хувиар бэлтгэж нөөцөлжээ. Аймаг, нийслэл, сумдын өвс тэжээлийн аюулгүйн нөөц 65 хувьтай байна.

Зудын эрсдлийн үнэлгээгээр энэ өвөл Хөвсгөл, Архангай, Завхан, Өмнөговь аймагт өвөлжилт хүндрэх төлөвтэй гарчээ. Говь-Алтай, Дундговь, Дорноговь, Өмнөговь аймагт бэлчээрийн ургамлын гарц тааруу өвөлжилт хүндрэх болзошгүй байна. Говийн аймгуудад хур тунадас их орох, урт хугацаагаар хүйтэрч өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байна. Мөн баруун аймгууд харилцан адилгүй байхыг анхааруулж байна.