"Нарантуул", "Хархорин" захаар үйлчлүүлэгчид сэргээх тундаа идэвхтэй хамрагдаж эхэлжээ

Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллээр нийслэлийн нийт хүн амын 25 хувь нь дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагджээ. Харин улсын хэмжээнд нийт хүн амын 17 хувь нь хамрагдаад байна. Үүнтэй холбоотойгоор дархлаажуулалтын түр цэгийг томоохон худалдааны төв, захуудад өнгөрсөн долоо хоногоос ажиллуулж эхлээд байгаа юм.

Дархлаажуулалтын түр цэг нь тухайн зах, худалдааны төвийн ажилтнууд төдийгүй иргэдэд үйлчлэх зорилготой. Өөрөөр хэлбэл, иргэд ажлынхаа зав зайгаар бус худалдаа, үйлчилгээ авах зуураа вакцинд хамрагдах боломжийг төрөөс олгож буй юм. Энэ хүрээнд "Нарантуул" болон "Хархорин" захаар үйлчлүүлж байгаа иргэд сэргээх тундаа хамрагдах нь нэмэгджээ. Сэргээх тунг нийслэл дэх Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд харьяалал харгалзахгүй хийж, иргэдийг дархлаажуулж эхэлсэн ч иргэдийн оролцоо хангалтгүй байсан юм. Харин томоохон худалдааны төв, захуудад дархлаажуулалтын түр цэгийг ажиллуулж эхэлснээр сэргээх тундаа хамрагдах нь олширчээ. Учир нь, эдгээр төвөөр үйлчлүүлэгчдийг харьяалал харгалзахгүйгээр дархлаажуулалтад хамруулж байгаа аж.

Нийслэлийн хэмжээнд нийт 30 гаруй зах, худалдааны төвд дархлаажуулалтын түр цэг ажиллуулж байгаа юм. Сэргээх тунгийн хамрагдалтыг 50 хувьд хүргэснээр “КОВИД-19” цар тахлын давлагааг даван туулж, хэвийн амьдралдаа орох нөхцөл бүрдэхийг Ерөнхий сайдын зүгээс онцолж буй.