С.Мөнхбат: Салбар бүрд амархан баяжих, амжилтад хүрэх гэсэн залуучууд их байна

Улсын аварга П.Бүрэнтөгсийн санаачилсан “Бүрэн Монгол” төслийн хүрээнд үндэсний бөхийн “Өнгөрсөн Одоо Ирээдүй" анхдугаар форумыг өчигдөр зохион байгуулжээ. Энэ үеэр Улсын аварга С.Мөнхбат өөрийн үзэл бодлыг ийн илэрхийлжээ.

Тэрбээр "Салбар бүрд амархан баяжих, амжилтад хүрэх гэсэн залуучууд их байна. Энэ давлагаа монгол бөхөд орж иржээ. Амархан амжилтад хүрч, цол авах гэсэн монгол бөхийн сэтгэлгээ суугаагүй, ойлгоогүй бусармаг залуучууд бидний үнэт зүйлийг гутааж байна. Намайг анх барилдаж эхлэхэд зааж зөвлөх багш нар олон байлаа. Өнөөдөр үндэсний бөхийн багш, дасгалжуулагч гэдэг хүмүүсийн тоо бага болсон байна. Үндэсний бөхийг ажил амьдралаа болгосон 2-3 мянган залуус аварга болохын төлөө хичээж байна. Бөхчүүдэд бөх хүн гэж хэн бэ гэдгийг ойлгуулаагүй юм уу даа гэж хардаг. Техник технологийн нийгэмд бөхчүүд хэрхэн хөгжиж, амьдрах ёстой вэ гэдгийг хоцроосон, заагаагүй учир допинг олон жил ургаж, өдийд ургаж гүйцжээ гэж харж байна. Допинг эдийн засагтай шууд холбоотой. Одоо бүгдээрээ допингийн эсрэг байр суурьтай болсон учир удахгүй допинг байхгүй болох байх. Надад допинг аягүй харамсалтай байдаг. Надтай адил аварга цол авахыг хүсдэг мянга мянган залуус допингийн улмаас няцаж, боломжоо алдаж байсан. Магадгүй би хэд түрүүлэх байсан бол гэх мэт бодлууд орж ирдэг" гэжээ.