Бага оврын онгоц угсрахад Чехтэй хамтарна

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ Бүгд Найрамдах Чех Улсын Тээврийн дэд сайд Ян Сехтертай цахим уулзалт хийжээ.

Уулзалтаар манай улсын орон нутгийн нисэх буудлуудын дэд бүтцийг сайжруулах чиглэлээр Чехийн талтай хамтран ажиллах, Улаанбаатар-Прага чиглэлд шууд нислэг хийх боломжийн талаар ярилцжээ. Түүнчлэн нисэхийн салбарт Чех Улсын туршлагыг нэвтрүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичиг байгуулсан байна. Бага оврын онгоц угсрах, засвар үйлчилгээ хийх зэрэг ажлыг хамтран хэрэгжүүлэхээр боломж бий болсон.

Мөн Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам болон болон Бүгд Найрамдах Чех Улсын Тээврийн яам хооронд иргэний нисэхийн салбарт хамтран ажиллах, мэдээлэл, туршлага солилцох,өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцов. Бүгд Найрамдах Чех Улс нь ерөнхий зориулалтын нисэхийн чиглэлээр дэлхийд дээгүүр ордог өндөр хөгжилтэй орон төдийгүй тус салбарт 100 гаруй жилийн туршлагатай. Мөн тус улс нь нийт 290 олон улсын болон орон нутгийн шинж чанартай нисэх буудал, нислэгийн зурвасуудтай ба  40 гаруй  компани 57 төрлийн том, жижиг төрөл бүрийн зориулалттай онгоц үйлдвэрлэдэг.



Монгол Улс Бүгд Найрамдах Чех Улсаас L-410 онгоцыг авч ашиглаж байсан туршлагатай. Манай улсад Чингис хаан Олон Улсын нисэх буудал ашиглалтад орсноор Буянт-Ухаа Олон Улсын нисэх буудлыг ерөнхий нислэгийн чиглэлээр хамтран ашиглах, сургалтын чиглэлээр  Чехийн талтай хамран ажиллах боломж буй талаар санал солилцсон юм. Энэ хүрээнд бага оврын онгоц угсрах, засвар үйлчилгээ хийх зэрэг ажлыг хамтран хэрэгжүүлэхээр боломж бий болсон хэмээн ЗТХЯ-наас мэдээлэв.