Ү.Ганболд: Нийслэлийн захиргааг Яармаг руу нүүлгэх ажлыг энэ сардаа багтаана

Засгийн газрын хуралдаанаар нийслэлийн захиргааг Яармаг дахь шинэ байр руу нүүх чиглэлийг өгсөн. Уг хугацаа нь энэ сарын 31-нээр дуусгавар болно. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд холбогдох мэдээллийг өглөөө.

Тэрбээр "Яармагийн шинэ цогцолбор байр руу нүүх бэлтгэл ажлыг баталсан төлөвлөгөөний дагуу хийж байна. Уг цогцолборт үйл ажиллагаа явуулж байсан эмнэлэг арваннэгдүгээр сарын 20-нд талбайгаа чөлөөлсөн. Үүнтэй холбогдуулж, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийгээд байна.

Барилгын угсралт хариуцсан компанитай уулзаж, нэмэлт засваруудыг хийлгэхээр болсон. Энэ сарын 10 гэхэд Улсын комисс хүлээж авна. Нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой хөрөнгийг төсвийн тодотголд суулгасан. Хөрөнгийн зарцуулалттай холбоотой асуудлыг төлөвлөж байна. Нүүлгэн шилжүүлэх байгууллагууд, тэдгээрийн зохион байгуулалтыг удахгүй танилцуулна. Энэ сард бэлтгэлийг хангаж, нүүнэ" гэлээ.