О.Батбаяр: Хүн бүхэн вакцинд хамрагдвал нам давалгаатайгаар “Омикрон”-ыг давна

"Монгол HD" телевизээс бэлтгэн хүргэдэг "Нүүдэл шийдэл" хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр оролцож цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр "Омикрон хувилбарын халдварлах чадвар маш өндөр учраас бусад улсын жишгийг харахад 2-3 хоногийн дотор тохиолдлын тоо 1000-д хүрч байна. Их Британи зэрэг улсад бол 1000-аас саяд 20 хоногийн дотор хүрсэн. “Ковид” дотор “Омикрон” хувилбарын эзлэх хувь маш богино хугацаанд 100 хувь болно. Үүнд эргэлзэх юм байхгүй. Бусад улс оронд нотлогдсон. Гадаадаас ирж байгаа иргэдийг гурав хоног тусгаарласан арга хэмжээ бол үр дүнгээ өгсөн. Ямар ч байсан ингэсний хүчинд хүний нөөцөө амрааж, энэ давлагаатай нүүр тулж байна. Өнөөдөр УОК гадаадаас ирэх иргэдээ тусгаарлах эсэх асуудалд шийдэл гаргах байх. Нэг эрсдэл бол гадаадаас ирж байгаа иргэдийн эерэг хувь бол маш эрчтэй нэмэгдсэн. Эхэн үедээ нэг онгоцноос нэг, хоёр тохиолдол илэрч байсан бол арванхоёрдугаар сарын сүүлээр бол оннгоцны 10 зорчигч тутмын нэг нь эерэг гарсан. Эрсдэл өндөр хэвээр байгаа. Цагаан сарын хувьд манай улсад нэгдүгээр сарын дунд болон сүүлээр оргил үедээ хүрэх тооцоолол гарсан. Нэг давуу тал байгаа нь иргэдийн вакцины хамрагдалт, өвдсөний дараах дархлаа тогтоц өндөр учраас иргэд аль болох эрчимтэйгээр бүүстэр тундаа хамрагдчих хэрэгтэй. “Файзер” тариулсны дараах 2-3 хоногт цусан дахь эсрэг биетийн хэмжээ маш сайн, 21 дэх хоног дээрээ бол оргилдоо хүрч нэмэгдсэн. Хүн бүхэн вакцинд хамрагдвал хөл хорио хийхгүйгээр хичээл сургуулиа ч хоёрдугаар сарын эхээр хэвийн явуулаад нам давалгаатайгаар “Омикрон”-ыг эрсдэл багатай давах боломж байна.

Тооцооллын хувьд оргил үе нь нэгдүгээр сарын сүүлээр таарч байна. Мэдээж тухайн үед нь шийдвэр гаргана. Хүүхдүүдийн өвчлөл ямар түвшинд байхаас хамаарч дараагийн арга хэмжээг авах байх. Боловсрол  маш чухал. Хүүхдүүдийн орхигдож байгаа боловсрол хэзээ ч эргэж нөхөгдөхгүй. Энэ утгаараа "Омикрон"-ы давлагаанд өртсөн маш олон оронд тэнхмийн хичээл явж байна. “Альфа”, “Дельта” давлагааны үед өвдсөн хүүхдүүдийн хувьд дархлаа өндөр суусан. 0-5 насны хүүхдүүд бол дархлаа багатай байдаг. Харин 05-11 насны хүүхддүд бол дархлаа өндөр байдаг.

Засгийн газар, УОК, ЭМЯ бол хөл хорио тогтоохгүй гэсэн байр суурьтай байгаа. Олон улсын жишгээр нас баралт эрс нэмэгдсэн, өвчлөлийн тохиолдол эрс нэмэгдсэн, эмнэлгийн ачаалал дийлдэхээ больсон, лаборатори ачааллаа дийлэхгүй, хүний нөөцгүй болсон гэдэг шалгуур байдаг. Үнэхээр ийм хүнд байдалд орвол улс орнууд ийм арга хэмжээ авч байна. Нэг өдөрт ийм хүнд байдалд орохгүй, манай улс тодорхой хэмжээнд бэлтгэлээ хангасан. Энэ бол бидэнтэй учирч байгаа эхний давлагаа биш. Цагдаа, онцгой гэх зэрэг бидэнтэй хамтарч ажиллаж байгаа төр, хувийн бүх байгууллагууд үүнийг даваад гарна гэсэн итгэлтэй байна" гэжээ.