Ж.Батзанданг БАЯРЛАН УГТАЦГААЯ!

Тэмцэгч Ж.Батзандангийн улстөрч болсон үе нь 2006 онтой холбогддог юм. Иргэний хөдөлгөөний зохицуулагч, бас тэргүүний дүрээр. О.Магнайгийн хамтаар. Одоогийн УИХ-ын гишүүн С.Ганбаатар, “Урбанек”-ийн Б.Лхагважав, хадагтай Г.Баасан ч энэ цаг үед нь багтана. Өөрөө хэлдэг л юм, “Би 15 настай байхдаа л эх орныхоо төлөө зүтгэнэ гэж өөртөө амласан” гэж. Гэхдээ шударга ёсыг тогтоохыг шаардсан тэмцлээ хожуу буюу 2006 оноос эхлүүлсэн нь энэ. Цаг үеийн нөхцөл байдал, нийгмийн шаардлага нь ч түүний тэмцэлд хүч нэмэх иргэдийг сэтгэлийн дуудлагаар нь Төв талбайд цуглуулж, мөн Төрийн ордныг тойрч гороолох сэдэл болдог байв. Арга ч үгүй юм.

Ерөнхий сайдаас УИХ-ын дарга, түүнээс Улсын Ерөнхийлөгч болтлоо тасралтгүй дэвшсэн Н.Энхбаярын “дэглэм” Монголын улс төр, нийгмийн хүрээнд тогтож эхлэхэд түүнийг нь сөрж, шүүмжлэх, сануулж, сэрэмжүүлэх цорын ганц дуу хоолой нь Ж.Батзандан тэргүүтэй иргэний хөдөлгөөнийхөн байлаа. Ингэж тэр олон нийтийн ой тоонд шударга ёсны туг хатгаж, өөрийнхөө орон зайг дархалсан. Үгүйсгэж боломгүй амжилт нь. Үүнийгээ ч овжин ашиглаж, иргэний хөдөлгөөнүүдийг нэгтгэн нам байгуулж, өөрөө даргын хувиар сонгуульд нэр дэвшиж асан нь ч шаггүй сүүхэйтэй нэгэн гэдгийг илтгэнэ.

Гэвч сайн, муугаар арвиждаг улстөрчийн намтар Ж.Батзанданг тойроогүй дайрсан. Өнөөх л гудамжны жагсагчийн зангаараа 2008 оны сонгуулийн үр дүнг эсэргүүцэж жагссан нь эцэстээ үймээн болж, эмх замбараагүй нөхцөлд шилжсэнээр онц байдал тогтооход хүргэсэн юм. Түүхэнд “Долдугаар сарын 1” хэмээн бичигдэн үлдсэн эл өдрийн тухай дахин бичиж, сануулах нь илүүц. Харин Иргэний хөдөлгөөний намын дарга явсан Ж.Батзандан АН-д элсэж, 2012 оны сонгуульд нэр дэвшсэнээр УИХ-ын гишүүн болж буурь сэлгэсэн. Удаахь сонгуулиар улиран сонгогдсон нь ч түүний намтарт жин дарах хэсэг нь. Өдгөө тэр Австрали Улсад Элчин зөвлөхөөр ажиллаж "байна". Томилолтын хугацаа дуусгавар болж буйтай холбоотойгоор эх орондоо удахгүй ирэхээ ч хэдэнтээ зарлаж, Ерөнхий сайдад нээлттэй захидал илгээж амжив. Өөрийнх нь тодотгосноор "цөллөг"-ийн газраасаа.

Уг нь орчин цагийн дипломат алба үүсч хөгжөөд 111 дэх жилтэйгээ золгож байгаа Монгол Улсын үе үеийн Элчин сайд, тэдгээрийн зөвлөхүүд эх орноо төлөөлж суугаа, сууж ирсэн газраа "цөллөгийн газар" хэмээн тодотгож байсангүй. Тэгэх ч шалтгаан, шаардлага үгүй. Алтан аргамж бол алтан аргамж. Төрөөс томилолт авсан түүнийгээ нэр төртэй биелүүлээд ирдэг нь үе үеийн дипломатуудыг үүрэг мөн хариуцлага нь. Харин Ж.Батзандан Австралид ажилласан он цаг хугацаагаа "цөллөг" гэж нэрийдсэн нь нэгэн зууны түүхтэй энэ албаны түүхийн хуудсыг баллуурдаж бас үгүйсгэсэн явдал болсон юм. Том улстөрч том л байдаг бололтой юм. 

Хачирхалтай нь, Ерөнхий сайдад бичсэн нээлттэй захидал Ж.Батзандангийн "зиндаа"-ны улстөрчид жижигхэн санагдав. "Л.Болд дарга мэргэжлийн дипломат хүн тэр мэргэжлийн ажлаа хийг. Харин би Австралид ирээд Монголыг аврах 18 хувьсгал номоо бичиж дуусгасан тул удахгүй нутагтаа очно. Очихдоо Австралид ирсэн, гарсан бүх зардлаа төлчихөөд очно. Надад ном унших, улс орноо аврах цогц төлөвлөгөө боловсруулах боломж олгосон Ерөнхийлөгчдөө баярлалаа. Миний номонд Австрали, Шинэ Зеланд, Англи, Норвеги зэрэг улс орнуудад амжилттай хийсэн эдийн засгийн хувьсгалын талаар тодорхой тусгасан. Ерөнхийлөгч намайг Унгарт Элчин сайдаар яв гэсэн санал тавьсан. Элчин сайд болохгүй, судалгаа хийж, ном биччихээд ирэе гээд Австралийг зорьсон юм” хэмээн Төрийн тэргүүнээ хавчуулж орхив.

Улс төрд орохоосоо өмнө Унгарт судлаач багшаар ажиллаж байсан юм хойно Элчин сайд болох саналыг Ерөнхийлөгчийн зүгээс тавьсан эсэхийг хэлж мэдэхгүй. Уг мэргэшил нь ясны тэмцэгч юм болохоор тэр зөвшөөрөөгүй байж мэднэ. Угаасаа хэнтэй юу ярьснаа ачирхаж ярьдаг нь Ж.Батзандангийн гэм биш зан. "УИХ-ын даргад дэмжээрэй гэж хэлсэн" гээд спикер Г.Занданшатарыг бухаж л явсан хүн. Өдгөө тэрбээр их улс төрд эргэн ирэхээ Ерөнхийлөгч өөрт санал тавьсныг дэлгэж, Ерөнхий сайдад нээлттэй захидал бичсэнээрээ зарлалаа. Австралиас ирсэн даруйдаа Монголоо аврах юм гэнэ, "Шинэ хувьсгал" номоороо дамжуулж. Араас нь АН-ыг аврах эвийн цавуутай ирж байгаа юм байх. Хэзээ ирэх нь тодорхойгүй ч хийх ажлаа урьдчилан зарласан Ж.Батзандангийн байр суурийг товчхон дүгнэхэд нэг иймэрхүү зураглал бууна. УИХ-ын сонгуулиас хойш унтаа байдалд шилжсэн 250 мянган гишүүд, дэмжигчтэй гэгддэг ШИНЭН-ынхаа даргаар өнөөг хүртэл бүртгэлтэй байгааг Улсын Дээд шүүхийн мэдээллээс харахад ямар ч байсан хоосонгүй нь лав. Гагцхүү Ж.Батзандангийн эзгүйд ажин түжин байдалд шилжсэн улс төр, ялангуяа Төв талбай, Төрийн ордны уур амьсгал түүнийг ирснээр хэрхэхийг цаг хугацаа харуулна. Тэр болтол Ж.Батзанданг баярлан угтахдаа бэлдэцгээвэл ямар вэ?! Сайнаар уу, саараар уу? гэдэг нь улстөрчдийн өөрсдийнх нь л сонголт.

С.Гандөл