Импортоор орж ирэх автомашинд өнөөдрөөс хотын дугаар шинээр олгохгүй
Үндэстний дархлааг тээгч
Үндэсний бичиг нь Монгол үндэстний өв соёл, үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээх өмч хөрөнгө, оюун сэтгэлгээний бахархал юм.Сүүлийн жилүүдэд монгол бичгийн бийрэн бичлэгийг багш сурган хүмүүжүүлэгчид төдийгүй хүүхэд залуучууд сурч эзэмшиж, хөгжүүлэх болсон. Бусад мэргэжлийн хүмүүс ч сонирхон сурч, өөр төрлийн бүтээлтэй хослуулан хэрэглээнд оруулж байна.
Цагаан бэлдэц дээр хар, шар бэхийг хоршуулж, уран сэтгэмжээр урлагийн бүтээл туурвиж суугаа бүсгүйг Ж.Жавзандулам гэдэг. Тэрбээр “Үй-Цай” сургуульд монгол хэл бичиг, уран зохиолын багшаар ажилладаг. МУБИС-ийг монгол, англи хэлний багш, хэл шинжлэлийн магистраар төгссөн.
Сургуулиа төгссөн цагаасаа эхлэн өнөөг хүртэл шавь нартаа сурсан мэдлэгээ түгээсээр явна.
Ж.Жавзандулам хоёр жилийн өмнөөс бийрэн бичлэгийг сонирхох болжээ. Эхлээд бичиг хэргийн дэлгүүрээс бийрэн бичлэгт ашиглах хэрэгслийг худалдан авч, бичиж сурах гэж хэсэгтээ дадлага хийсэн байна. Гэвч мэргэжлийн техникийг сайн мэдэхгүй учраас санаанд нь төдийлөн нийцсэнгүй. Тиймээс сайн бичдэг хүнд шавь орохоор Д.Батмөнх багштай холбогдож, тав хоногийн сургалтад суужээ. Энэ үеэс Ж.Жавзандулам сайн суралцаад зогсохгүй багшаасаа сайшаалын сайхан үгсийг сонсжээ. Монгол хэлний багш мэргэжилтэй учир бийрээр бичих нь түүнд илүү дөхөм байсан ч байж болох юм.
“Багш болон хамт суралцаж байсан ангийнхан маань “Сайн бичиж байна” хэмээн урмын үгсээр намайг мялаасан нь цаашид бийрэн бичлэгээ хөгжүүлж, үндэсний бичгээр бичсэн бүтээлүүд миньайлын хойморт залраасай гэсэн нууцхан хүслийг төрүүлсэн” гэлээ. Хийж бүтээхийн хүсэл эрмэлзлээр дүүрэн Ж.Жавзандуламд анхных нь бүтээлийн захиалга найзаас нь иржээ. Үргэлж өөрийгөө хөгжүүлэхийг эрхэмлэдэг тэрбээр найздаа бийрэн бичлэгийн сургалтад сурснаа хуучилсан аж. Найз нь хариуд нь “Манай ээжийн төрсөн өдөр удахгүй болно. Чи гоё шүлэг бичээд, жаазлаад өгөөч” гэсэн санал тавьжээ.
Найзынхаа саналыг хүлээн авч яруу найрагч Ц.Хулангийн “Ганцхан ээждээ унших шүлэг”-ийн
Зүүний сүвэгчээр ч багтах он жилүүдийн урсгалд
Зүгээр л дэргэд минь байж хайрла
Ижий гэж дуудах болгондоо баярладаг
Ижил хэдэн хүүхдэдээ урт насалж хайрла... хэмээх төгсгөлийн дөрвөн мөртийг нямбай гэгч нь бичиж бэлэглэсэн нь тэдний санаанд ихэд нийцсэн гэдэг.
Өдгөө Ж.Жавзандулам тодорхой хүрээнд худалдан авагчтай болжээ. Захиалгат бүтээл бүрийнхээ доод хэсэгт эвхмэл бичгээр бичүүлсэн өөрийн нэр бүхий тамгаа дарна. Ухааныхаа цараас ургуулж, ур дүйгээ шигтгэж урлаж буй бийрэн бичлэгийн бүтээлээ бусдад таниулж, түгээн дэлгэрүүлэх туйлын хүсэлтэй учир орлого олохыг төдийлөн ойшоодоггүй нь түүний ярианаас ойлгогдож байв.
Монгол Улс 2025 оноос хос бичигтэн улс болно. Ерөнхий боловсролын сурагчид, монгол хэлний багш нар гэлтгүй Монгол Улсын иргэн бүрд үндэсний бичгээ сурах, судла хзайлшгүй шаардлага тулгарна. Тиймээс Ж.Жавзандулам багш сургуулийнхаа сурагчдад бийрэн бичлэгийн сургалт явуулаад эхэлжээ. Цаашид бийрэн бичлэгийн сургалтаа өргөжүүлж олон хүнд түгээх нь түүний зорилго юм. Багш хэмээх эрхэм мэргэжлийг эзэмшиж, эзэн нь болж яваа түүний хувьд өрөөл бусдыг төдийгүй өөрийнхөө шавь нарыг эх хэл, үндэсний бичгээрээ зөв уншиж бичих, сурах судлах сэдэл төрүүлэх нь зүйн хэрэг.
Бид хайртай дотнын гэр бүл, найз нөхдөдөө дурсамж болон үлдэх бэлэг сонгох гэж нэлээд цаг зарцуулдаг. Сүүлийн үед хүмүүс хүссэн шүлэг, чин сэтгэлийн үгсээ үндэсний бичгээрээ урнаар бичүүлэн бие биедээ бэлэглэхийг эрхэмлэх болсон нь үндэсний бичиг соёлоо дэмжсэн, түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулж буй сайшаалтай хэрэг юм. Цаашлаад импортын бараа бүтээгдэхүүнийг хазаарлаж, хязгаарлах боломжийг бүрдүүлэхэд тодорхой хувь нэмрээ оруулж байна.
С.Ичинхорлоо