Ж.Мөнхбат: Казино гэхээр хадны мангаа шиг ойлгохоо болих хэрэгтэй

УИХ-ын чуулганы хуралдаанаар Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Төслийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр Хөшигийн хөндий дэх бүтээн босголтын асуудал хариуцсан Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Д.Оюунхорол чөлөөт бүсийн талаар зарим мэдээллийг өгөхдөө "Аялал жуулчлалыг татсан бизнесийг бий болгох, хүний урсгалыг Монгол руу татан оруулахын тулд Казино байгуулах хуулийн төслийг өргөн барина. Хуулийн төсөл нь явж байгаа. Ажлын хэсэг сайн сууж ажиллаж байж оруулж ирэх байх" гэдгийг онцолсон. Улмаар Байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд гишүүдийн олонх дэмжсэн юм.

Үүнтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах асуудлыг нэн яаралтай шийдэх ёстой. Монгол Улсыг босгож ирэх гурван том салбар бий. Уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал. Монгол ирж байгаа жуулчдын хэдэн төгрөгийг улс орондоо авч үлдэх бодлогыг бий болгох хэрэгтэй. Тиймээс асуудлыг зоригтой шийд. Үүний нэг нь казиногийн хууль. Казиногийн хууль гэхээр бид хадны мангаа байгаа юм шиг ойлгодог. Намайг үүнийг ярихаар янз янзаар гоочлох байх. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд казиногийн хуультай, үүнээс орж ирдэг ашгаа зөв зүйтэй зарцуулдаг. Монголд боловсрол, эрүүл мэндийн салбар, цалин тэтгэвэр нэмэх зэрэг олон асуудалд үүнийг ашиглаж болно. Казинотой болчхоор гаднынхан буу зэвсэгтэй орж ирээд буудалцаад, болж бүтэхгүй юм дагаж орж ирдэг гэдэг хоцрогдсон ойлголтоо таягдан хаях ёстой" гэлээ.