С.Одонтуяа: Xоёр гишүүнийг сайд болгох гээд шинэ яамны удирдлагыг зориуд томилохгүй байна

Эдийн засаг хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулсан ч сайдыг нь томилоогүй нь бэрхшээл тулгарах шалтгаан болж буйг УИХ-ын дэд дарга С.Одонтуяа мэдэгдлээ.

Тэрбээр "Хоёр яамыг хавсарч үйл ажиллагаа явуулна гэдэг хангалтгүй. Яамдын сайдыг томилж, хурдан ажилдаа орохгүй бол Монгол Улсын хөгжилд хүнд бэрхшээл тулгарч байна.

Эдийн засаг хөгжлийн яам өнөөдөр ажлаа бүрэн хийж байх ёстой. УИХ-ын хоёр гишүүнийг тус хоёр яамны сайд болгох гээд зориудаар томилохгүй байна. МАН боловсон хүчингүй нам юм уу, эсвэл заавал УИХ-ын гишүүн нь сайд хийх ямар ч шаардлагагүй. МАН сайдынхаа асуудлыг нэн яаралтай шийдэх хэрэгтэй.

Хэвийн горимд шилжсэн тул Цар тахлын хуулийг яаралтай цуцлах хэрэгтэй. Улсын төсөв ямар ч хяналтгүй урсаж байна. Цар тахлын хуулиар халхавчилж төсвийн мөнгийг дур дураараа үрж байгаа. Энэ асуудлаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлнэ" гэв.