Монгол Улсад оршин суух хүсэлтэй гадаад иргэдийн анхааралд

Гадаадын иргэн, харьяатын газар энэ сарын 25-наас эхлэн Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин сууж буй гадаадын иргэдийн оршин суух зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг цахимаар хүлээн авч эхэллээ.

Тодруулбал, “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух, түүнийг бүртгэх журам”-д заасан 56 төрлийн оршин суух зөвшөөрөл сунгах хүсэлтийг цахимаар хүлээн авч, шийдвэрлэх юм.

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд уг цахим үйлчилгээг сонгохдоо immigration.gov.mn цахим сайтад хандан,  “Албан болон хувийн хэргээр оршин суух” хэсэг рүү нэвтэрч, хүсэлтээ илгээнэ. Харин хүсэлтийг зөвшөөрсөн тохиолдолд тухайн гадаадын иргэн, эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч биечлэн ирж, оршин суух үнэмлэхээ хэвлүүлэн авах боломжтой.

Гадаадын иргэн, харьяатын газраас 2019 онд 23.012, 2020 онд 10.065, 2021 онд 16.574, 2022 оны эхний гурван сарын байдлаар 4497 гадаадын иргэнд оршин суух сунгалтын үйлчилгээ үзүүлжээ.