Б.Жаргалмаа: Хэн өнөөдөр монголоо мандуулж байна

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар “Монголоо мандуулъя” аяны уриалгын хүрээнд “Нийгмийг соён гэгээрүүлэхэд шинжлэх ухааны үүрэг оролцоо, шийдэл гарц” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулжээ.

Энэ үеэр гишүүн Б.Жаргалмаа “Монголоо мандуулъя” сэдвийн хүрээнд байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Спортын чиглэлд ямар ажил хийж байгаа вэ. Өнөөдөр Спортын төв ордон унах хэмжээнд хүрсэн байна. Тамирчдад зориулсан байрыг бэлэглэлийн гэрээгээр нэг нь нөгөөдөө өгчихсөн. Энэ асуудал шийдэгдээгүй. Биеийн тамир спортын улсын хороо ажлаа хийж чадахгүй бол Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяанд өгвөл яасан юм.

“Монголоо мандуулъя” гэж байна. Хэн өнөөдөр монголоо мандуулж байна. Тамирчид л мандуулж байна. Монголоо мандуулж байгаа тамирчдын төлөө ямар ч ажил хийгдэхгүй байна. Бид монголоо авч үлдэхийн тулд яах ёстой билээ. Ингэхийн тулд зөөлөн хүчний бодлого бидэнд хэрэгтэй. Гэтэл гадаад улсын Элчин сайдын яам өөрийнхөө дэргэд бүхэл бүтэн студи ажиллуулаад өөрийн кино, контентуудаа орчуулан, монголын уран бүтээлчдээр дуу оруулуулаад, телевизүүдээр дамжуулж байна.

Өнөөдөр яагаад охид Black pink, BTS-ийг яриад монголын язгуур урлаг, бие биелгээгээ ярихгүй байгаа юм. Яагаад Алтайн магтаал ийм учиртай юм гэдэг контент хийхгүй байгаа юм" гэжээ.