Б.Энхбаяр: Сайд Ц.Нямдорж төрийн реформ хийхгүй дөрвөн жил дарлаа

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг хэлэлцлээ. Хэрэгжилтийн явцын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулсан юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Төрийн өмчийн реформыг цаг алдалгүй хийхгүй бол улсаараа дэлбэрэх нь. Улсын үйлдвэрийн газрууд, Хөгжлийн банкнаас эхлээд юу болж байгааг бүгд харж байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн өмчийн реформ хийнэ гэсэн заалт орсон. Үүний дагуу 2021 онд багц хуулийн төсөл УИХ-д өргөн барих байсан. Жилийн өмнө Ц.Нямдорж сайдыг хөгжлийн саад гэж цоллож байсан. Ц.Нямдорж сайд энэ багц хуулийн төслийг УИХ-д оруулж ирдэггүй. Төрийн өмчийн багц хуулийг өөрөө оруулна гээд Ц.Нямдорж сайд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар руу татсан. Хууль зүй, дотоод хэргийн яам Төрийн өмчийн компанийн тухай хуулиа боловсруулчихаад хүлээгээд байдаг. Суурь хуультайгаа хамт өргөн барих ёстой шүү дээ. Ингээд өөрөө ч хийдэггүй, өрөөлийг ч хийлгэдэггүй. УИХ-ын гишүүд санаачилъя гэхээр 2020 онд баталсан УИХ-ын тухай хуулиар өмчийн хуулийг гишүүд санаачлахгүй, зөвхөн Засгийн газар санаачлахаар зохицуулсан. Уг нь Ц.Нямдорж сайд жилийн өмнө УИХ-д өргөн барина гэж байсан. Өнгөрсөн намрын чуулганы хугацаанд өргөн барих ёстой байсан. Гэтэл хаврын чуулган эхлэхээс өмнө өргөн барина гэсэн. Ингээд УИХ-ын бүрэн хугацаа талдаа орчихлоо. Өмнө нь бас хоёр жил дарсан. Нийтдээ дөрвөн жилийн турш оруулж ирэхгүй дарж байна" гэв.