БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэнэ
Бүгд Найрамдах Солонгос Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэж, "Онооны тогтолцоо"-ны шалгалтад хамруулах тухай зарлалыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас танилцуулав.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийг 2022 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 09:00 цагт нээж, квот дуусмагц бүртгэлийг автоматаар хаах юм байна.
Харин цахим бүртгэлийн линк болон бүртгүүлэх видео зааварчилгааг бүртгэл эхлэхээс гурав хоногийн өмнө буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын цахим хуудсанд /hudulmur-halamj.gov.mn, monkor.net/ байршуулна.
Бүртгүүлэх иргэнд тавигдах шаардлага:
- 18-39 настай байх (1982 оны дөрөвдүгээр сарын 26-аас 2004 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн хооронд төрсөн байх);
- Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх;
- БНСУ-аас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх;
- Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх;
- Өнгө ялгах чадвартай байх; (нурууны үений диск гэмтэлтэй, гарын сарвуу дутуу тохиолдолд хэлний шалгалтад орж болох хэдий ч 2 дахь шалгалтад ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасах болно.)
- Мэргэжлийн бус ажилчны Е-9, усан онгоцны ажлын Е-10 визээр БНСУ-д 5 болон түүнээс дээш жил ажиллаагүй байх; (Цахим бүртгэлд бүртгүүлэхдээ оршин суусан хугацааг заавал тэмдэглэх)
- Тухайн визээр 5-аас дээш жил оршин суусан тохиолдолд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгөх боломжгүй; (Цахим бүртгэлд бүртгүүлэхдээ оршин суусан хугацааг заавал тэмдэглэх)
- Солонгос хэлний анхан болон түүнээс дээш мэдлэгтэй байх;