Төрийн албаны шалгалтад 8,000 хувилбар тест бэлджээ

Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр 08.00 цагт орон даяар нэгэн зэрэг эхэллээ. Энэ удаагийн шалгалтыг өгөхөөр 7,610 иргэн бүртгүүлсэн бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс албан ёсоор эрхлэн гаргасан “Төрийн албаны шалгалтын сорил” ном болон “E-TAZ” гар утасны аппликэйшний сорил, асуултуудаас шалгалт авах аж.  

Төрийн албаны зөвлөлөөс энэ удаагийн шалгалтад зориулан 8,000 хувилбар тест бэлдсэн бөгөөд энэ нь шалгуулагч тус бүр ондоо сорил бөглөнө гэсэн үг. Одоогийн байдлаар төрийн албаны зөвлөлөөс 1,900 гаруй гүйцэтгэгч албан тушаал, 371 удирдах ажилтны сул орон тоог зарлаад байгаа бөгөөд Төрийн албаны шалгалтад тэнцсэн иргэд эдгээр ажлын байран дээр ажиллах боломжтойг тус зөвлөлийн дарга Б.Баатарзориг онцоллоо.

 

Шалгалт өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн 50 хувиас илүү 30-аас доош насны иргэн байгаа бөгөөд эдгээрийн багагүй хувь нь Z үе буюу шинэ мянганыхан байгааг онцолсон юм. 

Харин шалгалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангахад 350 гаруй төрийн албан хаагч улсын хэмжээнд ажиллаж байна. 

Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн иргэд http://exam.csc.gov.mn/ холбоосоор орж өөрийн эрхээр нэвтрэн, шалгалт өгөх хуваарьтай танилцах боломжтой. Хэрэв нэвтрэх нууц үгээ мартсан бол цахим шуудан, бүртгэлтэй гар утасны дугаартаа код хүлээн авч нууц үгээ сэргээх юм.