Хустайн гудамжинд шар өвс шатаж байсныг бүрэн унтраав

Сонгинохайрхан дүүргийн 24 хороо Хустайн гудамжинд өнөөдөр шар өвс шатсан дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн бэлтгэл ээлж очиход айлын хашаанд 0.4 га шар өвс шатаж, 16 метр хашаа хайрагдан шатаж байсныг бүрэн унтраалаа гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

2022 оны дөрөвдүгээр болон тавдугаар сард агаарын температур Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Архангайн зүүн хагас, Өвөрхангайн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, нийт нутгаар хуурайшилтын зэрэг өндөр байх төлөвтэй байгааг Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс сануулж буй.

Иймд хаврын хуурайшилтын үед иргэд, асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал, цог, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг сэрэмжлүүлж байна.