Ц.Мөнх-Оргил: Зөв хүмүүсээ сонгож, хяналт тавьж ажиллах нь санг эрүүлжүүлэх суурь

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүний нэр дэвшигчийн сонсголыг Төрийн ордонд зохион байгууллаа. 

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн  хоёр гишүүнд нэр дэвшигчийг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос тус тус дэвшүүлсэн байна. 

Сонсголыг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг даргалж, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн нэр дэвшигчдийг танилцуулав.

Замбал овогтой Цогтгэрэл нь 2001 онд Нийгмийн ухааны дээд сургуулийг  багш, судлаач мэргэжлээр төгсөж, 2012 онд Удирдлагын акедеми “Төрийн удирдлагийн мэргэшүүлэх”,  2019 онд Отгонтэнгэр их сургууль эрх зүйч мэргэжлээр баклавр, 2020 онд Хөдөлмөр НХД сургуулийг магистр зэрэгтэй тус тус төгссөн. 2001-2012 онд Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар сургуульд багш, 2012 оноос одоог хүртэл Монголын Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоонд ажиллаж байгаа аж. 

Чагнаа  овогтой Нарантуяа  нь 2001 онд Хөдөлмөрийн дээд сургууль, 2013 онд Хөдөлмөрийн дээд сургууль/магистр/, 2018 онд Отгонтэнгэр их сургуулийг тус тус дүүргэсэн.1983 онд Баянхонгор аймгийн Гурван булаг сумын ерөнхий боловсролын сургуулийн багш, 1987 онд Баянхонгор аймгийн Гурван булаг сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны бичээч, бичиг хэргийн эрхлэгч, 1994 онд Орхон аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны бичээч нарийн бичгийн дарга, 2000 онд Орхон аймгийн Эрүүл мэндийн байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, 2009 онд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний  эвлэлийн холбооны дэд дарга, 2022 онд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний  эвлэлийн холбооны даргын албыг тус тус хашиж байна.

Үргэлжлүүлэн нэр дэвшигчид Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр сонгогдвол ямар ажил хийж чадах, хэрхэн ажиллах талаараа 10 минутад багтаан танилцуулсны дараа Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүний нэр дэвшигчдийн мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаар мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах үүрэг бүхий хараат бус шинжээчээр Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаас гишүүдийн олонхын саналаар томилогдсон А.Батбаяр дүгнэлтээ танилцууллаа.

Нэр дэвшигчдийн талаарх дүгнэлтүүдэд, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 08 тоот тогтоолоор Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд даатгуулагчийн дийлэнх олонхын эрх ашгийг хамгаалсан гишүүнд нэр дэвшигчийн мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагад дүгнэлт өгөхөөр томилогдсоны дагуу нэр дэвшигчийн ирүүлсэн баримт бичигт дүн шинжилгээ хийж, нэр дэвшигчтэй ярилцлага зохион байгуулан, мэдлэг шалгах сорил авсны үндсэн дээр хараат бус шинжээчийн дүгнэлт гаргасан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр ажиллахад мэдлэг, мэргэшил, ур чадварын хувьд шаардлага хангахгүй, ажлын туршлагын хувьд шаардлага хангасан, ёс зүйн хувь ямар нэгэн зөрчилгүй гэсэн дүгнэлтийг өгсөн байв.

Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл нь эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн бодлого, даатгуулагчдад үзүүлэх тусламж, үйлчилгээний багц, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, чанар, төлбөрийн хяналт, эрүүл мэндийн байгууллагуудын сонгон шалгаруулалт, сангийн санхүүгийн удирдлага зэрэг маш хариуцлагатай мэргэжлийн шийдвэр гаргадаг бөгөөд харин нэр дэвшигчид нь дээрх чиглэлүүдээр анхан шатны мэдлэггүй байгааг  дурдсан байв. 

Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуулиар Эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага 1.4 их наяд төгрөгөөр батлагдсан бөгөөд энэ нь улсын нэгдсэн төсвийн 8 хувьтай тэнцэж байна. Энэхүү хөрөнгийг ЭМДҮЗ-ийн шийдвэрээр захиран зарцуулж, хүн амын эрүүл мэндийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн чанартай тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн байгууллагуудаас худалдан авч санхүүжүүлдэг. Иймд ЭМДҮЗ-ийн гишүүн нь эдгээр хариуцлагатай шийдвэр гаргахад шаардлагатай мэдлэг, мэргэшил, ур чадвартай байх ёстой боловч нэр дэвшигчид дээрх шаардлагыг хангахгүй байгааг дурдсан байлаа.

Цаашид Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд нэр дэвшигчдэд тавих шалгуурыг нарийн тогтоох, нэр дэвшигчдийг нээлттэй сонгон шалгаруулах эрх зүйн орчныг бий болгох нь Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг сайжруулах, засаглалын ил тод байдлыг хангах, даатгуулагчдад ээлтэй, оновчтой шийдвэр гаргахад маш чухал ач холбогдолтой гэж үзэж байгааг хараат бус шинжээч А.Батбаяр дүгнэлтдээ онцолсон байв.

Нэр дэвшигчтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Ц.Мөнх-Оргил, Б.Баярсайхан, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир  нар асуулт асууж, хариулт авсан.  Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд зөв хүмүүсээ сонгон, зөв хяналт тавьж ажиллах нь уг санг эрүүлжүүлэх суурь болохыг тодотгоод нэр дэвшигчдээс эрүүл мэндийн эдийн засаг, нийгмийн эрүүл мэндийн удирдлага, үйлчилгээний багц, үүнийг тойрсон санхүүжилт, тооцоо арга зүйд суралцсан эсэх, энэ ажлыг хийнэ гэх итгэл байгааг  лавласан бол Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл нь эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн бодлого, даатгуулагчдад үзүүлэх тусламж, үйлчилгээний багц, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, чанар, төлбөрийн хяналт, эрүүл мэндийн байгууллагуудын сонгон шалгаруулалт, сангийн санхүүгийн удирдлага зэрэг маш хариуцлагатай мэргэжлийн шийдвэр гаргадаг байхаар заасныг дурдаад Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэргэжлийн хүмүүсийг нэр дэвшүүлэн оруулж ирэхийг хүссэн. Харин Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг МҮЭХ нэр дэвшүүлэх үйл ажиллагаанд хариуцлагатай хандахыг мэдэгдээд хөндлөнгийн хараат бус шинжээч эдгээр нэр дэвшигчдийг тэнцэхгүй гэдгийг дүгнэсэн. Бидний зүгээс эдгээр шинжээчдэд огт нөлөөлөөгүй гэдгийг онцолж байлаа. 

Нэр дэвшигчдийн зүгээс Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо нь төлөөллийн байгууллагын зэрэгцээ хамтын шийдвэр гаргадгийг хариултдаа тодотгоод бидний ард мэдээ, мэдээллээ цаг алдалгүй өгвөл ажиллаад явах баг байгааг тодотгож байлаа. Мөн цаашид Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд орж ажиллахаар бол үйл ажиллагааг нь шинэчлэхийн төлөө явна гэж байлаа. 

Үргэлжлүүлэн сонсголын дэгийн дагуу сонсголд оролцогчдын зүгээс нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авсны дараа  санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Үндэсний зөвлөлийнхөн өнгөрсөн хугацаанд хүмүүсийн  сэтгэлд хүрэхээр ажиллаж чадаагүйг тодотгоод хувийн эмнэлэг, улсын эмнэлгийг ижил тарифаар санхүүжүүлэх, өрхийн эмнэлэг рүү даатгалын үйлчилгээг оруулсан тул эрүүл мэндийн салбарт хувийн хэвшлийг дэмжихэд анхаарч ажиллахыг анхааруулав. 

Харин Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат, хараат бус шинжээч одоогийн үйлчилж байгаа хуульд тогтоолд тааруулан нэр дэвшигчдийн хариултыг хангалтгүй гэж дүгнэснийг өрөөсгөл гэснийг дурдахын зэрэгцээ шинжээчийн дүгнэлтэд эдгээр нэр дэвшигчид ажлын туршлагын хувьд шаардлага хангасан, ёс зүйн хувьд ямар нэгэн зөрчилгүй гэж дурдсан байгаа нь сайшаалтай. Өнгөрсөн хугацаанд гишүүдийн ёс зүй, хандлага, хараат бус байдлын хувьд алдаа дутагдал гарсан талтай. Зарим гишүүд мэргэжлийн хүмүүс оруулж ирэх боломжтой эсэхийг лавлаж байсан ч эдгээр нэр дэвшигчдийн хувьд МҮЭХ-ны 70,80 мянган хүнийг төлөөлөн сонгогдон гарч ирсэн хариуцлагаа ухамсарласан төлөөлөл гэв. Түүнчлэн оролцогч Ц.Товуусүрэн, нэр дэвшигчдэд хандан нийтийн эрх ашиг, даатгуулагчийн эрх, ажил олгогчийн эрх гэсэн гурван огтлолцлыг бодож ажиллах шаардлагатайг санууллаа.

Сонсголыг хааж Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг хэлсэн үгэндээ, Монгол Улсын Их Хурлын хяналт шалтгалтын тухай хуулийн дагуу уг нээлттэй сонсголыг зохион байгуулж байгааг тодотгоод нэр дэвшигчийн сонсгол явуулснаас хойш ажлын хоёр өдрийн дотор сонсголд оролцсон гишүүд хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонсголын тайлан гаргана. Тайланг Байнгын хороонд танилцуулна.