МҮОРНТ сурталчилгаа явуулахгүйгээр оршин тогтнох боломжгүй гэжээ

Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцах, хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан, санал дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар сонсчээ. Хуралдаанд МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл, гүйцэтгэх удирдлагын төлөөлөл оролцсон байна.

Тайлан, санал, дүгнэлтийг Ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэг танилцууллаа.

Ажлын хэсгийн хүрээнд Монголын үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл, гүйцэтгэх удирдлага, албан хаагчдын төлөөлөл, Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл болон Төрийн байгуулалтын байнгын хороонд МҮОНРТ-ийн үйл ажиллагаатай холбоотой гомдол гаргасан нэр бүхий албан хаагчидтай 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр, 02 дугаар сарын 11, 14-ний өдрүүдэд нийт 9 удаагийн уулзалтыг тус тус зохион байгуулж, санал солилцжээ.

Ажлын хэсэг 2022 оны 01 дүгээр сарын 17-оос 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж ажлын хэсгийн удирдамжийн дагуу дараах таван чиглэлийн хүрээнд шалган тодруулсан байна.

  • Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох;
  • Олон нийтийн радио, телевизийн бодлого, үйл ажиллагаа нь олон нийтийн эрх ашигт нийцэж байгаа эсэхэд дүгнэлт хийх;
  • МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн үйл ажиллагаа хангалтгүй байгаа шалтгаан, нөхцөлийг тогтоох;
  • Төрийн аудитын байгууллагын тайланд үндэслэн МҮОНРТ-ийн санхүүжилт, түүний зарцуулалттай танилцах;
  • Олон нийтийн радио, телевизийн гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаа, ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг шалгах зэрэг асуудал багтжээ.

Ажлын хэсгийн дүгнэлтэд МҮОНРТ-ийн эрх зүйн байдал зарим талаар тодорхойгүй байгаагаас шалтгаалан тус байгууллагын өмч, хөрөнгийн бүртгэл, хадгалалт, хамгаалалт хангалтгүй, радиогийн өргөн нэвтрүүлгийг дамжуулах 5 станц нь аналоги технологиор үйл ажиллагаа явуулж байгаагаас шалтгаалан аюулт үзэгдэл, болзошгүй гамшгийн үед хэрэглэгчдэд урьдчилан сэргийлэх мэдээллийг шуурхай хүргэх боломжгүй нөхцөл үүссэн байна гэж дүгнэжээ.

Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу МҮОНРТ-д улсын төсвийн дэмжлэг үзүүлэхээр заасан боловч тухайн дэмжлэгийг улсын төсөвт ямар хэмжээгээр тусгаж, хэрхэн, ямар байдлаар олгох талаар тодорхой зохицуулалт тусгаагүйгээс шалтгаалан МҮОНРТ-ийн жил бүрийн төсвийн дэмжлэг харилцан адилгүй батлагдаж, үүнээс шалтгаалан тус байгууллагад санхүүгийн тогтворгүй байдал үүсч энэ асуудал даамжирсаар өнөөдрийг хүрсэн байна гэж дүгнэсэн байна.

Мөн ажлын хэсэг МҮОНРТ-ийн үйл ажиллагаа, бодлого, төлөвлөлтийн талаар 11 зүйл бүхий, төсөв, санхүү, хөрөнгө оруулалтын талаар долоон зүйл бүхий, хүний нөөцийн бодлого, төлөвлөлтийн талаар зургаан зүйл бүхий дүгнэлтийг гаргасан бөгөөд УИХ болон Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай асуудалд анхаарах нь зүйтэй гэсэн зөвлөмж гаргажээ. Ингэхдээ, Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулах, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийг сонгон шалгаруулах, төсөв, санхүүгийн хувьд тогтвортой, улс төрөөс хараат бус байх, үндэсний эв нэгдэл, соёл, түүх, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, өв соёлоо гадаад дотоодод эерэгээр сурталчлах, соён гэгээрүүлэх чиглэлд түлхүү анхаарч, нэвтрүүлгийн бодлогод тусгах талаар болон бусад өөрчлөлтүүдийг хуульд нэмж тусгах нь зүйтэй гэж үзжээ. Түүнчлэн “Олон нийтийн радио, телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны нийт хугацаа тухайн өдрийн нэвтрүүлгийн цагийн хоёр хувиас хэтрэхгүй байна” гэж заасан нь тус байгууллагын үйл ажиллагаанаас олох орлогын гол эх үүсвэрийг хязгаарласан зохицуулалт байна гэж үзэж дээрх заалтын “хоёр хувиас хэтрэхгүй байна” гэсний хувийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх талаар судлан, шийдвэрлэх талаар тусгасан байна.

Радиогийн өргөн нэвтрүүлгийн дамжуулах станцыг тоон технологид шилжүүлэхэд шаардлагатай төсвийг 2023 оны улсын төсөвт тусгуулахад анхаарч ажиллах, МҮОНТ-ийн алтан сан хөмрөгт хадгалагдаж байгаа 5629 ширхэг соронзон хальсыг тоон архивт шилжүүлэх төсвийг 2023 оны улсын төсөвт тусгуулахад анхаарч ажиллах асуудлыг хөнджээ.

Түүнчлэн Засгийн газрын хүрээнд, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл, МҮОНРТ-ийн гүйцэтгэх удирдлагын хүрээнд анхаарч ажиллах асуудлыг зөвлөмжид тусгасан байна.

Ажлын хэсгийн тайлан, санал, зөвлөмжтэй холбогдуулан УИХ-ын гишүүд Ажлын хэсэг, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл, МҮОНРТ-ийн гүйцэтгэх удирдлагын төлөөллөөс асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ажлын хэсгийн тайланд МҮОНРТ 750 ажилтантай гэсэн байна. Гэтэл удирдлагын хэсэг нь 190 хүнтэй байна. Удирдлагын нүсэр бүтцийг цомхотгох бодлого бий юу хэмээн тодруулсан. Мөн тэрбээр орон нийтийн радио, телевиз арилжааны чанартай болон далд сурталчилгаа явуулахыг хуулиар хориглодог. Гэтэл бусад телевизүүдээс ялгарах юмгүй арилжааны зар сурталчилгаа явсаар байна гээд энэ асуудалд удирдлага болон Үндэсний зөвлөлийн гишүүд тайлбар өгөхийг хүссэн.

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн М.Наранбаатар нарын хариулснаар, Удирдлагын бүтцэд Тамгын газар, суваг хариуцсан захирлууд, редакциудын продюсерууд багтдаг аж. 2021 оны нэгдүгээр сард Үндэсний зөвлөлөөс бүтцийн орон тооны дээд хязгаарыг хэлэлцэж эхлээд дөрөвдүгээр сард баталсан бөгөөд телевизийн тав, радиогийн дөрвөн суваг, цахим сайт оруулаад нийт 10 сувгийн хэмжээнд 799 хүний орон тоотой байхаар баталсан байна. Удирдлагын орон тоо өндөр байгаа мэт харагдаж байгаа ч энэ байгууллагад ажилладаг 30 гаруй жолооч, 20 гаруй инженер, техникч, 21 аймаг болон нийслэлд ажилладаг хураамжийн 25 ажилтан, 30 гаруй цэвэрлэгээний ажилтнууд Тамгын газар буюу захиргааны хэлтэст багтдагтай холбоотой гэлээ.

Энэ байгууллага улсын төсвийн дэмжлэг, хураамжийн орлого, үйл ажиллагааны орлогоор санхүүждэг ч өнөөдрийн нөхцөл байдалд арилжааны сурталчилгаа явуулахгүйгээр оршин тогтнох боломжгүй болсон хэмээн тайлбарлалаа. Төсөв танагдаад, хураамжийн орлогыг сүүлийн хоёр жилд цар тахлын нөхцөл байдлаас болоод 100 хувь авч чадаагүй хэмээн нэмж хэлсэн.

Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Ажлын хэсэг байгуулах тухай, Чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолуудыг батлав