Тэдний жишгийг дагавал Д.Ганбатын ЗӨВ
2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулсан УИХ дахь АН-ын бүлэг бүрэн эрхээ дуусгавар болохоос жил гаруй өмнө задарч байв. 2019 оны хаврын чуулганы эхэнд юм. Бүлгийн үйл ажиллагаагаа дуусгавар болгох тухайгаа УИХ-ын даргад мэдэгдэхээ Д.Эрдэнэбат гишүүн хэлж байв. Тэрбээр “Хаврын ээлжит чуулган эхэнд бүлгийнхээ үйл ажиллагааг дуусгавар болсныг мэдэгдэж, УИХ-ын даргад өргөн барина. Л.Болд гишүүн өөрийнхөө сонголтыг хийсэн юм шиг байна. Өөрийн бодол өөртөө зөв. Бид үүнд хүндэтгэлтэй хандана. Бүлэг байхгүй боллоо гээд АН байхгүй болчих юм биш. Сөрөг хүчин хэвээрээ байна. Үйл ажиллагаагаа явуулдагаараа явуулна. Гишүүд байна. Үзэл баримтлал байна. Зөвлөлийн хэлбэрт шилжинэ. Гэхдээ бидэнд ганц боломж алдагдах нь завсарлага авах боломжгүй болно. Гэхдээ үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд явна” гэж байлаа.
Өөрөөр хэлбэл, 2020 оны сонгуулийн жилийн хугацаанд сөрөг хүчнийхэн парламентаар хэлэлцэж байгаа асуудлаар завсарлага авах эрхгүй болсон нь энэ. Гэвч АН дахь зөрчил өмнөх парламентдаа үлдсэнгүй. 2020 оноос хойш хоёр жилийн хугацаанд үргэлжилсээр өнөөдөртөө золгов. Зөрчил нь Бүлгийн дарга Д.Ганбаттай холбоотой. С.Эрдэнэ, О.Цогтгэрэл гэсэн АН дахь хоёр хуваагдал парламентын хаалгаар биш тооноор орж, гишүүдийн олонхийн саналаар Д.Ганбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргаж байсан нь өнгөрсөн жилийн аравдугаар сар. Гэвч УИХ-ын дарга Г.Занданшатар уг шийдвэрийг хүлээж аваагүй. АН-ын шийдвэр албажаагүй. Гэвч Д.Ганбатыг Бүлгийн даргаас огцруулах сэдэл тус намд дахин өдөлсөн бололтой.
Албан ёсоор шийдвэр гараагүй, гишүүд энэ тухай байр сууриа илэрхийлээгүй ч "Огцруулах хуулийн боломж байхгүй" гэсэн агуулгыг Д.Ганбат дарга өөрөө хэлнэ лээ. Үнэхээр ч Д.Ганбат гишүүний хэлсэн үг ортой. Учир нь,
УИХ-ын тухай хуулийн 34 дүгээр зүйлд
34.1.Бүлгийн үйл ажиллагаа дараах тохиолдолд дуусгавар болно:
34.1.1.бүлэг байгуулсан нам татан буугдсан, эсхүл эвсэл тарсан;
34.1.2.хуульд заасан үндэслэлээр нөхөн сонгууль явуулсан боловч тухайн нам, эвсэл суудал авч чадаагүйгээс бүлгийн гишүүдийн тоо энэ хуулийн 31.1-д заасан тооны доод хязгаарт хүрэхгүй болсон;
34.1.3.гишүүн бүлгээс гарахад үлдсэн гишүүдийнх нь тоо энэ хуулийн 31.1-д заасан тооны доод хязгаарт хүрэхгүй болсон;
34.1.4.бүлэг өөрөө тарах шийдвэр гаргасан гэжээ. Бусдаар Бүлгийн даргыг огцруулах эсэх заалт хуульд алга.
Хамгийн анхаарал татах заалт хуульд бий нь "Бүлэг Улсын Их Хурлын бүтцийн хувьд эрхлэх ажлаа намын дээд, төв, гүйцэтгэх байгууллагын өмнө шууд хариуцахгүй" гэжээ. Бүлгээр хэлэлцсэн асуудлаас өөрөөр АН-ын дээд байгууллагын шийдвэр парламентад албажих шаардлагагүй гэсэн үг. Эрхлэх албан тушаал нь өөр ч хуулийн эл жишгээр хоёр ч гишүүн Бүлэггүй атлаа сонгогдсон нам, эвслийнхээ өмнөөс УИХ-ын дэд даргын албатай явсаар бүрэн эрхээ дуусгавар болгож байсан удаатай. Тэдгээр нь Л.Цог, Я.Санжмятав нар. Уг нь АН УИХ-д албан ёсоор Бүлэггүй болсныг спикер Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдаанд зарласнаар Я.Санжмятав гишүүнийг дэд даргын албан тушаалаасаа шууд чөлөөлөгдсөнд тооцох хуулийн заалт үйлчлэх учир байсан хэрэг. Учир нь, УИХ-ын тухай хуулийн
12.3. Энэ хуулийн 26.4-т зааснаар нам, эвслийн бүлэг тарсан бол тухайн бүлгээс сонгогдсон дэд даргыг чөлөөлөгдсөнд тооцож, энэ тухай тогтоол батлагдсанд тооцно.
Хуулийн заалтаа дагавал Я.Санжмятав гишүүн Бүлгийнх нь үйл ажиллагаа дуусгавар болсон өдрөөс дэд даргынхаа сэнтийгээс буух байсан ч тэгээгүй. Яг л "Шударга ёс эвсэл" тарж, УИХ-д албан ёсоор Бүлэггүй болоход Л.Цог гишүүн УИХ-ын даргын албаа үргэлжүүлж байсан шиг. Тэрбээр “Хуульд сайн дураараа эсвэл гэмт хэрэг хийсэн тохиолдолд УИХ-ын дэд даргын албан тушаалаас нь буулгадаг. Тиймээс би сайн дураараа албан тушаалаа өгөхгүй. УИХ-ын дэд даргын суудлаас буухгүй” гэж тайлбарлаж байв. Үүн шиг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат гишүүдийн олонхийн саналаар чөлөөлсөн ч спикер Г.Занданшатар хүлээж аваагүй, чуулганы нэгдсэн хуралдаанд албан ёсоор уншиж танилцуулахгүй л бол өнөөдөртөө Д.Ганбатын зөв юм. Л.Цог, Я.Санжмятав нарын үлдээсэн жишгээ дагасан ч тэр...
Г.Эрхэс