"Хөтөл"-ийн хувьчлалыг хаалттай хэлэлцэх санал гаргажээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ. Төслийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж танилцуулав. Тэрбээр, “2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталсан. Энэ тогтоолын дагуу 20 гаруй төрийн өмчит компанийг хувьчлах шийдвэр гарсны дотор Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг өртэй нь хувьчлах заалт орсон. Төрийн өмчийн хорооноос тус үйлдвэрийг 2011 онд 10 жилийн хугацаатай концессын гэрээгээр “Бейсмент” гэдэг компанид шилжүүлсэн. 2021 онд гэрээний хугацаа дуусах байсан ч 2015 онд өртэй нь хувьчлах шийдвэр гарсан. Энэ бол Концессын хуулийг зөрчсөн үйлдэл болсон гэв.

Авлигатай тэмцэх газраас 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 32 дугаар “Мөрдөгчийн мэдэгдэл”-ийг Засгийн газарт ирүүлсэн. Уг “Мөрдөгчийн мэдэгдэл”-д “Хөтөлийн цемент шохой” ТӨХК /хуучнаар/-ийн хувьчлалыг хэрэгжүүлэхдээ “Бейсмент” ХХК-д давуу байдал бий болгон хууль зөрчсөн учраас гаргасан алдаа дутагдлаа залруулах арга хэмжээ авахыг сануулсан. Иймд Засгийн газраас нөхцөл байдлыг судалж үзсэний дагуу “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийн хувьчлалын талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 124 дүгээр тогтоолоор  "2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалт"-аас “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийг хувьчлах заалтыг хасаж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 108 дугаар тогтоолоор уг хувьчлалыг  тодорхой үндэслэлээр хууль зөрчсөн гэж үзээд хүчингүйд тооцож зохих арга хэмжээг авч хэрэгжүүлээд байна гэж байлаа.

“Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 70 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл"-ээс “4.17.“Хөтөлийн цемент шохой” төрийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг өр төлбөрийг төлөх нөхцөлтэйгөөр хөрөнгө оруулагч талд санал болгон хувьчлах” гэсэн заалтыг хасах, өөрөөр хэлбэл, “Хөтөлийн цемент шохой” төрийн өмчит хувьцаат компанийг хувьчлахгүй байхаар уг Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан гэж танилцуулгад дурдсан байв.

Эдийн засгийн байнгын хороо 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулав.

Төсөл санаачлагч нь дэлхий дахинд үүсээд байгаа цар тахлын нөхцөл байдал, хөрш, зэргэлдээ оронд бий болсон олон улсын хямралт нөхцөл байдлаас шалтгаалан хилээр бараа, бүтээгдэхүүн тээвэрлэх, нэвтрүүлэх боломжгүй болох, дотоодод бараа, бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж, хомстол үүсэхээс сэргийлж гол нэр төрлийн материал болох цементийн үйлдвэрлэлийг төрийн оролцоо, дэмжлэгээр хангах, сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологи бүхий уг үйлдвэрээр дамжуулан бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, цементийн эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг хангуулах, үнийн хөөрөгдлийг хязгаарлах, хянах боломж бүрдэж, төвийн болон зүүн бүсийн аймгууд Улаанбаатар хотоос цемент худалдан авах хөдөлгөөний ачааллыг бууруулах, хөдөө, орон нутгийн хэрэглээг шууд хангах системд шилжих боломж бүрдэх, орон нутагт цемент тээрэмдэх тээрмүүд суурилуулан орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх, аймаг, сумын төвийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж үзэн тогтоолын төслийг боловсруулсныг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулгадаа онцлоод Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн гэж байлаа.

Тогтоолын төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр суриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд Улсын Их Хурлаас 7 жилийн өмнө баталсан тогтоолоос Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хувьчлалыг хасья гэдэг асуудал ойлгомжгүй байгааг тодотгоод хувьчилж авсан тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр шийдвэр гаргаад Засгийн газар төрд авсан байх. УИХ Засгийн газрын өмч хувьчлалтай холбоотой гэрээгээ дүгнээд гаргасан шийдвэрийг л хүлээн зөвшөөрөх эсэх тогтоол гаргах ёстой байсан талаар тодруулав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр Хөтөлийн цемент шохойн үйлдвэртэй холбоотой луйврын хувьчлалыг засаж төрд авч байгаа санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ 7 жилийн өмнөх хувьчлах шийдвэрийг үгүй болгохоор энэ хугацаан дахь эрх зүйн үр дагавар юу болохыг лавлав. Тэрбээр, цаашдаа төрийн өмчит аж ахуйн нэгжийг хувьчилсан шийдвэрийг Улсын Их Хурал нь хүчингүй болгоод төрийн мэдэлд авах жишиг тогтоох вий гэдгийг анхааруулсан. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар хувьчлалыг буруу, зөв гэхээсээ илүүтэй хэдий хэрийн өр, зээлтэй байсан Хөтөлийн цементийн үйлдвэрийг төр шууд авсан талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа 7 жилийн алдагдлыг яаж тооцох талаар лавлахын зэрэгцээ хувьчлал буруу явуулсан алдаагаа засахдаа улсад учруулсан хохирлыг нь барагдуулдаг байх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байсан. 

Гишүүдийн зүгээс тогтоолын төслийг өргөн бүрэлдэхүүнтэйгээр нухацтай ярилцах, хаалттай хэлэлцэх зэрэг саналуудыг гаргаж  байлаа.