Вашингтон хотод бүтээгдэхүүнээ сурталчилж байна

“Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын чуулган-2022” сэдвийн хүрээнд “Монголын өдрүүд-2022” үйл ажиллагааг АНУ-ын нийслэл Вашингтон Ди Си хотын Роналд Рейганы Олон улсын худалдааны төвд нээжээ.

Энэ нь АНУ, Монголын хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес эрхлэгчдийг гадаад зах зээлтэй холбож, хөрөнгө оруулагчдыг татах, үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн, Монгол орны өв соёлыг сурталчлан таниулах зорилготой юм.

Үзэсгэлэн худалдааг нээж Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч, Элчин зөвлөх Я.Болд-Эрдэнэ, Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, АНУ-ын ХХААЯ-ны ахлах зөвлөх Ж. Вэйд Шеффард, Дэлхийн банкны орон хариуцсан ахлах ажилтан Лианг Ванг нар тус тус үг хэлэв.

“Монголын өдрүүд-2022” энэ сарын 29-31-ний өдрүүдэд болно. Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Худалдаа, аж үйлдвэрийн танхим, “Экспорт Монголиа” төрийн бус байгууллага, Монгол Улсын ЭСЯ болон Монголын ноос, ноолуур, арьс шир, оёдол, гар урлал, гоо сайхан, хүнсний үйлдвэрлэл эрхлэгч 20 гаруй компанийн бизнес эрхлэгчид, соёл урлагийн салбарын төлөөлөл зэрэг нийт 80 гаруй хүн оролцож байна.

АНУ-ын талас Төрийн департамент, Худалдааны танхим, Дэлхийн банк зэрэг төр захиргааны байгууллагуудын албан тушаалтнууд урилгаар оролцжээ.

Энэ үеэр Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа, өв соёлоо таниулах урлаг, соёлын үзүүлбэр, уран зургийн үзэсгэлэнг олон нийтэд дэлгэсэн байна. Мөн хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд бизнес уулзалтууд зохион байгуулна.