Хөгжлийн ТӨМӨР СУДАС буюу Ервазийг холбох шинэ гарц

2022 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 5. Бээжин хотноо Өвлийн олимп хөшгөө нээхтэй зэрэгцэн Монгол, Хятадын Ерөнхий сайд нарын уулзалтаар нэгэн түүхэн шийдвэрийг гаргаж байлаа. Тэр нь Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг эцэслэн тохиролцсон тухай. Ингэж 14 жил гаруй хугацаанд гацсан Монголын төмөр замын өргөн, нарийн царигийн маргаан эцэслэгдэж, нүүрсний экспорт гацаанаас гарсан юм.

2022 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 02. Алс дорнодын Хятадын тэнгист гарах хамгийн дөт зам болох зүүн босоо чиглэлийн Бичигт-Зүүнхатавч төмөр замын төслийн ажлыг эхлүүлэв. Орос, Монгол, Хятадын эдийн засгийн коридорын далайд гарах гол цэг нь Бичигт. Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Зүүн бүсийн эрдэс баялгийн нөөц эдийн засгийн эргэлтэд орж, тээврийн зардлыг 2-3 дахин бууруулж, жилд 25 сая тонн ачаа тээвэрлэж, БНХАУ болон ОХУ-ын газар нутгаар дамжин далайн чинад дахь зах зээлд хүрч, экспортын шинэ гарцыг бий болно.

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 9. Монгол, Хятадын Ерөнхий сайд нарын Бээжинд өрнүүлсэн тохиролцооны араас долоон сарын дараа Тавантолгой уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэл 233.6 км бүхий Монгол Улсын анхны нэгдүгээр зэрэглэлийн, уулзваргүй, хүнд даацын төмөр зам ашиглалтад оров. Ийнхүү Монгол Улс дотоодын аж ахуйн нэгжийн оролцоотой, 100 хувь өөрийн өмчлөлтэй анхны төмөр замтай боллоо. Уг төмөр зам барьснаар жилд 30-50 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрсийг тээвэрлэн экспортолж, улсын төсөвт жилд дунджаар 44 сая ам.долларын татвар төвлөрүүлэх урьдчилсан тооцоололтой. Урагшаа гаргах нүүрс тээврийн өртөг Тавантолгой уурхайгаас Ганцмод боомт хүртэл 47 ам.доллароос 12 ам.доллар болж, тн тутамдаа дөрөв дахин буурах, 2000 орчим тогтмол ажлын байр нэмэгдэх боломжтой.

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 28. Гашуунсухайттай адилхан урттай Хангийн 226.9 км төмөр зам найман сар буюу бүтээн байгуулалт өрнөсөн зун, намрын хоёрхон улиралд дуусаж болдгийг монголчууд харцгаав. Гашуунсухайт, Замын-Үүд боомтын тэг голд нь байрладаг Ханги-Мандалын боомтын төмөр замыг Төрийн түвшинд олон жилийн өмнөөс төлөвлөж, урагшлуулах гээд бараагүй стратегийн шинэ гарцыг дотоодын аж ахуйн нэгж өөрсдийн хөрөнгөөр наймхан сарын хугацаанд барьж, байгуулсан нь энэ. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын хөдөлгөөнийг эхлүүлснээр импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал хамгийн багадаа 20 сая тн-ноор, нийт тээврийн хэмжээ 65 хувиар тус тус нэмэгдэнэ.

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 27. Шивээхүрэнг Сэхэтэй холбох 7.1 км төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүллээ. Шивээхүрэн нь Монголын, Сэхэ нь БНХАУ-ын талд оршдог, мөн л стратегийн ач холбогдолтой боомтууд. Хэдийгээр 7.1 км гэдэг нь бага тоо мэт сонсогдох ч эл холболтыг хийснээр Монгол, ОХУ, БНХАУ-ын “Эдийн засгийн коридор”-ын хил дамнасан баруун босоо тэнхлэгийн Шивээхүрэн-Нарийнсухайт-Арцсуурь чиглэлийн төмөр замын шанг татаж буйгаараа онцлог, бас түүхэн үйл явдал юм. Бүтээн байгуулалтын ажлыг “МАК” тэргүүтэй хувийн хэвшлийнхэн гүйцэтгэж, зургаан сарын хугацаанд ашиглалтад оруулах юм.

Шивээхүрэн-Сэхэ хил дамнасан боомтын 7.1 км төмөр зам ашиглалтад орсноор экспортын нэвтрэх хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, ачаа тээвэр 20 сая тоннд хүрнэ. Тухайн бүс нутгаас олборлодог нүүрсийг зах зээлийн чөлөөт өрсөлдөөнд тулгуурлаж цаг хугацаа, өртөг зардал хэмнэнэ. экспортын гол зах зээл рүү тээвэрлэх боломж бүрдэхээс гадна говийн бүс нутагт буй ашигт малтмалын ордуудын үнэлэмжийг өсгөж, эдийн засгийн эргэлтэд оруулах шинэ боломжийг нээнэ... 

Энэ бол Засгийн газраас хэрэгжүүлж буй “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд Төр, хувийн хэвшлийн түншлэлээр барьж байгуулж, бүтээн босгосон ажлын хуанлийн хуудаст буусан дүр зураг, ганцхан жилийн хугацаанд бий болсон үр дүн. Гашуунсухайтын төмөр замыг барих гэж хамгийн багадаа 10 жилийн турш дотооддоо хөлөө жийлцсэн гашуун сургамжийн дэргэд бодит бүтээн байгуулалт, бас үсрэлт. Ачаа тээвэр, ашигт малтмалын экспортын үзүүлэлт, эдийн засагт жин дарах нөлөөллийн хүрээнд Баяннуур биш Бугатын гангийн үйлдвэртэй шууд холбогдох гарцтай болох нь Монгол Улсад хэрэгтэй мөн нэмэртэй. Тэр нь Ханги-Мандалын төмөр зам гэдгийг бид мэдэхгүй биш мэдэж л байлаа.

Шивээхүрэн-Сэхэ хил дамнасан боомтыг холбосон төмөр замыг 2008 оноос ТЭЗҮ-ийг иж бүрэн хийж, хувийн хэвшил нь бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлэхээр төлөвлөсөн ч “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичиг”-ийг УИХ-аас баталснаар гацаанд орж, 15 жил таг зогссон түүхтэй. Төмөр замаар танк орж ирнэ гэх нарийн царигт дөрөөлсөн улс төр, “айдсын менежмент”-ийг бүтнээр нь хэрэгжүүлснээс бусдаар төслийг бүхэлд нь “нураасан”.

Тавантолгой-Гашуунсухайт дээр яав...?! Экспортын гарцаа нэмэгдүүлж, эдийн засгаа тэлэх боломжоо нэгэн аравнаар хойшлуулж, энэ хооронд 80 их наядыг алдсаныг одоо л ухаарцгааж сууна. Хэрвээ экспортын төмөр замуудын бүтээн байгуулалт өнөөдрийн хурдаар явсан бол Монгол Улс гадаад өрийн дарамтгүй, эдийн засгийн багтаамж 100 орчим их наяд төгрөгт хүрчихсэн, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10 мянган ам.доллар давж, иргэдийн амьдралын чанарт эрс өөрчлөлт гарах байсныг энд хэлэх гээд байгаа хэрэг. Үүнийг л алдагдсан боломжийн өртөг гэдэг.

“Ийм харамсалтай алдааг бид дахин хэзээ ч давтах ёсгүй" гэдгийг Хятадын хилээс 13 км-ийн зайтай барьж, байгуулсан Ханги өртөөнөөс Монголын Ерөнхий сайд нь мэдэгдсэн нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сар. Харин өнөөдөр Ханги-Мандал дээр нэмээд Шивээхүрэн-Сэхэ гэсэн шинэ гарцтай болох нь.  

Өнгөрсөн 70 орчим жилийн хугацаанд Орос-Монгол-Хятадыг холбосон ганцхан төмөр замтай буюу Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд гэсэн гарцтай байсан нь өдгөө транзит тээвэр болж өргөжиж эхэлсэн нь эдийн засагт эерэг дохио. Үндсэндээ хилийн цэгээ эцэслэснээс хойшхи жил гаруйн хугацаанд Монгол, Хятадын төмөр замуудыг холбох ажил эрчимжиж, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хөдөлж эхэлсэн нь Монгол Улс бүс нутагтаа Ервазийг холбох шинэ гарцаар тодрох суурийг тавьж буйгаас өөрцгүй юм. "Төр нь хувийн хэвшилтэйгээ өрсөлдөхгүй" гэсэн Ерөнхий сайдын амлалт ядаж л төмөр замын төслүүд дээр бодит биеллээ олж байгаа нь маргаангүй түүнд алга таших шалтгаан.

С.Гандөл